Хайх

Хейли Бибер хуримын даашинзаа харууллаа

Хейли Бибер хуримын даашинзаа харууллаа

Off-White брэндийн гайхалтай даашинз

Text: Бюро 24/7


Зураг:

Дуучин Жастин Бибер ба Хейли Болдуин нар есдүгээр сарын 30-нд Өмнөд Каролинад байрлах Montage Palmetto Bluff зочид буудалд хуримаа хийсэн билээ. Энэ хугацаанд сүйт бүсгүй хуримын даашинзын загвараа маш ихээр нууцалж байсан бол хэдхэн цагийн өмнө Instagram хуудсаараа дамжуулан хуримын гоёлоо олон нийтэд харууллаа.

Сүйт бүсгүй амьдралынхаа хамгийн чухал өдөрт зориулан Off-White брэндийн торон нэхээстэй, урт хормойтой, мөр ил гарсан загвартай даашинз сонгожээ. Мөн Хейли Бибер нүд булаам үзэсгэлэнтэй даашинзаас гадна дизайнер Виржил Аблогийн таних тэмдэг болсон фонтоор "Till Death Do Us Part" (Үхэл биднийг салгах хүртэл) гэж бичсэн сүйт бүсгүйн гивлүүр зүүсэн байна.

Хейли Бибер "Өнгөрсөн даваа гараг миний амьдралын хамгийн онцгой өдөр байсан" хэмээн Жастин Бибертэй авахуулсан зургаа нийтэлжээ. Мөн тэрээр Off-White брэндийн дизайнер Виржил Аблод хандан "Миний төсөөллийг амилуулж, мөрөөдлийн даашинзыг минь урлаж өгсөнд маш их баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлсэн байна.

Эргэн сануулахад хосууд өнгөрсөн жилийн есдүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч ажлын ачаалалтай хуваарийн улмаас хуримын ёслолоо хойшлуулж байсан бол өнгөрсөн долоо хоногт гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд сүр дуулиантай хуримаа хийжээ. Хуримын ёслолд нийт 154 зочин уригдсан бөгөөд тэдний дунд Кендалл ба Кайли Женнер, Кэти Перри, Жейден Смит, Жоан Смоллс зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн болохыг эх сурвалжууд мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх