Коронавирустай зэрэгцэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлхий даяар тархаж байна
"Хятад хүн орохыг хориглоно"
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусын тархалт газар авах тусам хүмүүс айдас түгшүүрт автаж, энэ эрчээрээ арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрч байна. Энэ талаар дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Ази гаралтай иргэд хэвлэлийнхэнд мэдээлсээр байгаа юм.
Жишээ нь саяхан Францын нэгэн сонин коронавирусын талаар сурвалжлахдаа "Yellow Alert", "Yellow Peril" (Шар сэрэмжлүүлэг, шар аюул) гэх зэрэг гарчигтай нийтлэл гаргасан нь олон хүнийг бухимдахад хүргээд байна. Учир нь "Yellow Peril" гэдэг нь Өмнөд Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхахад хэрэглэгддэг хэллэг байсан бөгөөд барууны орнуудад XIX зуунд ашиглагддаг байжээ. Уг сонины нийтлэлийн дараа Хятад гаралтай Франц иргэд #JeNeSuisPasUnVirus буюу "Би вирус биш" гэсэн хэштагтай аяныг олон нийтийн сүлжээнд эхлүүлээд байгаа юм.
Үүнээс гадна олон нийтийн газар, гудамж талбай, нийтийн тээвэрт Ази төрхтэй хүмүүсийг яг л халдвар тээгч мэтээр хүлээн авч байгааг The Guardian сонины сурвалжлагч мэдэгдлээ. Жишээ нь Лондонд автобусанд Ази төрхтэй хүн суухад зорчигчид шууд л дэргэдээс нь босож явах, нэг нэгэндээ Хятад дүүрэгт очихгүй байхыг зөвлөх, АНУ-д амны хаалт зүүсэн найман настай Ази хүүд Costco дэлгүүрийн ажилтан үйлчлээгүй, Канадын дунд сургуульд Хятад хүүхдүүд дээрэлхүүлж, гадуурхагдах гэх зэргээр ялгаварлан гадуурхах үйлдлүүд гарсаар байгаа аж.
Гэхдээ зөвхөн барууны орнуудад ийм төрлийн ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрээд байна уу гэвэл үгүй. Тухайлбал Вьетнамын зарим ресторанууд үүдэндээ "Хятад хүн орохыг хориглоно" гэсэн самбар байршуулсан бол Японы нэгэн дэлгүүрийн гадаа мөн л ижил утгатай зүйл бичин тавьжээ.
Бодит амьдралаас гадна цахим ертөнцөд ч арьс өнгөөр ялгаварлах шинж чанар агуулсан хошигнол ба постууд тархаж эхэлсэн байна. Жишээ дурдахад Их Британийн жүжигчин, хөтлөгч Жеймс Корден Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагтай авахуулсан зургаа нийтлэхэд нэгэн хэрэглэгч үүнийг нь "Шуурхай мэдээ: Жеймс Корден коронавирусээр амиа алджээ" хэмээн цааш нь Twitter олон нийтийн сүлжээнд түгээсэн бөгөөд энэхүү зохисгүй хошигнол нь 25,000 гаруй like авсан байгаа юм.
Үүнээс гадна Хятад хоолны талаарх ташаа ойлголт ксенофоби үзлийн шинэ давалгааг эхлүүлээд байна. Мэдээж хэрэг зэрлэг амьтдын худалдаа болон хэрэглээ Хятадад асуудал үүсгэдэг нь үнэн боловч хүмүүсийн айдас түгшүүр онлайн ертөнцөд худал мэдээлэл тарааж, Хятад хоолны талаар буруу ойлголтыг өгч, "Хятадын эсрэг" хэвшмэл ойлголттой болгоход хүргэж байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол хүмүүсийн жигшлийг хүргээд байсан сарьсан багваахайн шөл идэж байгаа Хятад блогер бүсгүйн бичлэг болоод байна. Энэхүү бичлэг нь үнэн хэрэгтээ гурван жилийн өмнө Палау арал дээр хийгдсэн бөгөөд коронавирус болон Ухань хоттой ямар ч холбоогүй юм. Хятадын хүн амын дийлэнх нь гахай, тахиа зэрэг бусад улсын иргэдийн адил нийтлэг хоол хүнс хэрэглэдэг бөгөөд маш цөөн тооны хүмүүс л зэрлэг амьтдын мах иддэг болохыг CNN онцолсон юм.
Эцэст нь орон, орны эрүүл мэндийн яамны тэргүүнүүд болон эрх баригчид коронавирустай холбоотой ташаа мэдээлэлд итгэж, ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.