Шинэ төрлийн коронавирусын талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?
Коронавирусын тухай бидний мэдэх бүх зүйл (Одоогоор)
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод уушгины хатгалгаа үүсгэдэг, өмнө нь бүртгэгдэж байгаагүй, үл мэдэгдэх вирус тархаж эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын эхээр Хятадын эрх баригчид шинэ төрлийн коронавирус илрүүлсэн болохоо мэдэгдсэн юм. Өнөөдөр зөвхөн Хятадад л гэхэд 7,670 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авч, АНУ, Франц, Вьетнам, Австрали, Герман, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Хонг Конг, Тайвань, Малайз, Канад, Шри-Ланка, Непал, Тайланд, Камбож зэрэг дэлхийн 20 улс орнуудад коронавирусын халдвар тархсан нь албан ёсоор бүртгэгдээд байна. Бид дэлхий нийтийг түгшээгээд байгаа энэхүү цар тахлын талаарх сүүлийн үеийн онцлох мэдээллүүдийг нэг дор цуглуулан хүргэж байна.
Коронавирус хаанаас гарч ирсэн бэ?
Шинэ төрлийн коронавирусыг (2019-nCoV) микроскопоор харахад титэм хэлбэртэй байсан тул коронавирус хэмээн нэрлэжээ. Уг вирус нь өмнө нь хүнд илэрч байгаагүй бөгөөд эрдэмтдийн мэдэгдэж буйгаар амьтнаас хүнд халдварласан байх өндөр магадлалтай аж. Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусын генетикийн кодыг бусад вирустэй харьцуулж үзсэн бөгөөд үр дүнд нь коронавирустэй хамгийн төстэй вирусыг сарьсан багваахай болон могойноос илрүүлсэн байна. Тэдний үзэж байгаагаар сарьсан багваахай могойд вирус халдааж улмаар могойн бие организмд вирус мутацид орж, гибрид үүсгэсэн байх өндөр магадлалтай гэж үзэж байна. Хятадын эрх баригчид Ухань хотын Хуанан далайн бүтээгдэхүүний захаас (могой, туулай, хонь зэрэг амьтдыг худалдаалдаг) хамгийн анх энэхүү вирус хүнд халдварласан гэж мэдэгдсэн юм. Учир нь халдвар авсан анхны хүмүүс тус захын байнгын үйлчлүүлэгчид эсвэл худалдаачид байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) коронавирусын халдвар тархах эрсдэлийн түвшинг Хятадад "маш өндөр" гэж дүгнэсэн бол бүс нутаг болоод олон улсад "өндөр" хэмээн үнэлсэн байна.
Хэрхэн халдварлаж бас ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Шинэ төрлийн коронавирус нь бусад томуугийн адилаар хүнээс хүнд, ахуйн болон агаар дуслын замаар дамжих боломжтой. ДЭМБ өвчний далд үед буюу шинж тэмдэг илрээгүй байхад коронавирус бусдад халдварлах боломжтой бөгөөд халдварын нууц үе нь 2-10 хоног гэж мэдээлсэн бол Хятадын үндэсний эрүүл мэндийн комисс энэ хугацааг 1-14 хоног гэж мэдэгдсэн байна. Коронавирусын халдварын үед халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэл үүсэх, бүр хурц тохиолдлуудад уушгины хатгалгаа, амьсгалын цочмог халтай хам шинж өвчин үүсэж, бөөрний дутагдалд орж байгаа юм. Түүнчлэн вирусын халдвараар нас барж байгаа хүмүүсийн дийлэнх нь ахимаг насны эсвэл хууч өвчтэй хүмүүс байсныг New York Times сонин онцолжээ.
Хятадын засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?
Яг одоогийн байдлаар БНХАУ коронавирусын тархалттай холбоотой 16 хотод (46 сая хүн) хөл хорьж дэлгүүр, зах, ресторануудад зэрлэг амьтдын худалдаа болон хэрэглээг түр хугацаанд хориглосон байна. Мөн нэгдүгээр сарын 23-наас эхлэн коронавирусын халдварыг зогсоохын тулд Ухань хотын удирдлагууд хотын (11 сая гаруй хүн амьдардаг) нислэг, галт тэрэг ба нийтийн тээврийг зогсоосон. Үүнээс гадна Хятад улс даяар олон нийтийг хамарсан арга хэмжээ, тэр дундаа Хятадын цагаан сарыг тэмдэглэсэн үйл ажиллагаануудыг цуцлаад байгаа юм.
Түүнчлэн улс даяар баярын амралт хоёрдугаар сарын 2-нд дуусаж, энэ өдөр сурагч, оюутнууд хичээлдээ эргэн орох байсан бол одоогоор тодорхойгүй хугацаагаар тэдний амралтыг сунгасан байна. Харин Шанхай хотын томоохон компаниуд ажилтнууддаа хоёрдугаар сарын 10 хүртэл оффистоо ирэлгүй гэрээсээ ажиллахыг даалгажээ. Бусад мужуудын хувьд баярын амралтыг дахин долоо хоногоор сунгаад байна. Гуандун болон Хайнань мужуудад хотын парк, амьтны хүрээлэн, циркийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд эрх баригчид түүхэн дурсгалт газрууд болох Цагаан Хэрэмийн зарим хэсэг ба Хориотой хотыг хаагаад байгаа юм.
Дэлхий дахинд юу болж байна вэ?
Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар Хятадаас (7,678) гадна Таиландад 14, Хонк Конгд 10, Тайваньд 8, Японд 11, Макаод 7, Малайзад 7, Сингапурт 10, Австралид 7, АНУ-д 5, Францад 5, Германд 4, Өмнөд Солонгост 4, Арабын Нэгдсэн Эмират Улсад 4, Канадад 3, Вьетнамд 2, Камбожид 1, Финландад 1 коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээд байна. Мөн яг одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирус нь 170 хүний аминд хүрчээ. Одоогоор коронавирусын эсрэг вакцин гараагүй байгаа ч 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Хятадын судлаачид шинэ коронавирусын геномын мэдээллийг дэлхий нийтэд дэлгэсэн бөгөөд үүний дараа олон улсын эрдэмтэд вакцин боловсруулах ажлыг эрчимтэй эхлүүлсэн юм. Австрали улсын эрдэмтэд энэхүү мэдээлэл дээр тулгуурлан шинэ коронавирусыг лабораторид амжилттай гарган авснаа өнөөдөр зарласан байгаа.
Австралийн Мельбурн хот дахь Питер Доэртигийн нэрэмжит Халдвар ба дархлаа судлалын институтийн вирус оношилгооны лаборатори (Virus Identification Laboratory at the Peter Doherty Institute for Infection and Immunity) коронавирусын халдвартай хүнээс вирусыг хувилан авсан бөгөөд тэд үүнийг шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гарган авахад тусалж, цаашид вирустэй тэмцэхэд нэн чухал мэдээллээр хангана гэдгийг мэдэгдлээ.
Түүнчлэн ДЭМБ коронавирусыг судалж, тархалттай тэмцэхийн тулд өвчний голомт болсон Ухань хот руу олон улсын судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн төлөөлөгчдөө илгээх болсноо өнөөдөр зарлаад байна.
Манай улс юу хийж байна вэ?
Монгол улсад одоогоор коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх зорилгоор дунд сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, сургалтын төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг Улсын Онцгой Комисс (УОК) гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээнүүдийг цуцалж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг гаргасан байгаа. Үүнээс гадна хилээр нэвтэрч буй иргэдэд үзлэг шинжилгээ хийж, тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгааг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгджээ.
Бид өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийж чадах вэ?
Бид өөрсдийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд амны хаалт зүүх, халдварын эрсдэлтэй оронд зорчихгүй байх, гараа тогтмол угаах, тогтмол ариутгал хийх гэх зэрэг ДЭМБ болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан зөвлөмжүүдийг сайтар мөрдөх хэрэгтэй. Мөн одоогоор шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин болон эм бэлдмэлүүд гараагүй байгаа учраас зөвхөн дархлаагаа дэмжих арга хэмжээнүүдийг авч болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) шинэ төрлийн коронавирусын талаарх түгээмэл асуултуудад хариулж байна