Mercedes-Benz брэнд Avatar киноноос сэдэвлэсэн автомашины концепцио танилцууллаа
"VISION AVTR"
Яг одоо Лас-Вегас хотноо зохион байгуулагдаж буй CES 2020 үзэсгэлэнгийн үеэр Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz брэнд "Avatar" киноноос сэдэвлэсэн "VISION AVTR" хэмээх автомашины концепцио танилцууллаа. Уг концепциор дамжуулан киноны үндсэн санаа болох байгаль дэлхийтэйгээ ойр байх, дизайн ба технологийн дэвшлийн тусламжтай байгальтай онцгой харилцаа тогтоох гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.
Дизайны хувьд нумарсан хэлбэртэй аэродинамик бөгөөд хаалга нь бүхэлдээ тунгалаг юм. Харин дотоод заслын хувьд нэн футуристик уур амьсгалтай ба салоны дотор байрлах LED дэлгэцийн тусламжтайгаар автомашиныг удирдах боломжтой байна. Түүнчлэн энэхүү байгальд ээлтэй гэх тодотголтой "VISION AVTR" автомашинд графен дээр суурилсан цэнэглэлтийн шинэ технологийг суурилуулж өгсөн ба DINAMICA хэмээх веган савхи болон хурдан ургадаг Ратан модыг дотоод засалд ашиглажээ.