Хайх

Музейн ханан дээр монгол зургууд зуржээ

Музейн ханан дээр монгол зургууд зуржээ

Мэргэжлийн зураачдын санаачлага болон Нийслэл хотын дэмжлэг

Text: Ж.Чинбат


Зураг: Buro 24/7 Mongolia

Г.Занабазарын хөрөг, Майдар өргөх ёслол, Улаан сахиус, монгол хаалга, хүй нэгдлийн үеийн хадны зураг зэрэг найман зургаар гоёлоо

Жуулчны гудамжинд байх Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей бол гадна, дотноос ирсэн зочин гийчдийн заавал очдог ариун сүм мэт газар билээ. Учир нь гэвэл Чингисийн алтан ургийн удмын хүн болох Г.Занабазар нь шашин, төрөөс гадна Монголын соёл урлагт чухал гавьяа байгуулж "Занабазарын дэг сургууль" хэмээх уран дарханы урсгал бий болгосон хүн юм. Түүний бүтээсэн 21 дарь эхийн бүтээлд Бурхан урлалын 32 билгүүн, 80 шинжийг хүний бие лагшины сонгодог харьцаатай чадварлаг хослуулсан юм. Үүгээрээ хүн төрөлхтөний гоо сайхныг илэрхийлэх урлагийн замналд жинхэнэ монгол үлгэрийг Г.Занабазар бий болгосон юм.

Өнөөдөр харин тус музейн барилга хуучирч, өөрөө бас нэгэн урлаг соёлын дурсгалт өв болж буй учраас цаашид хэрхэн сэргээн засварлаж, Монгол орныхоо нүүр царай хэвээр байлгах вэ гэдэгт олон хүмүүс санаа тавьж байгаа. Тэдний дотроос Монголын дизайн технологийн академийн гишүүн зураачид болох Л.Давааням, Ц.Баттөр тэргүүтэй залуу зураачдын санаачлага саяхан ажил хэрэг болоод байна.

Г.Занабазарын нэрэмжит музейн ханан дээр монгол зураг зурах санааг тэд гаргаж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба дэмжиж, БСШУЯ-наас зөвшөөрөл олгожээ.

Музейн ханан дээр нийт найман зураг зурагдсан бөгөөд тэдгээрээс хоёрыг нь Г.Занабазарын нэрэмжит музей захиалжээ. Эхнийх нь хүй нэгдлийн үеийн хадны зураг бөгөөд энэ шийдэл нь нүүдэлчин монголчууд эртнээс дүрслэх урлагтай байсан гэдгийг сануулах гэсэн сонголт мэт санагдана.

Хоёр дахь зургийн сонголт нь Улаан сахиус буюу Бэгз Жамсран шүтээний дүр. Энэ шүтээн нь сайн санаатай хүн бүхний нас буяныг нь эдлүүлж байх, хүн амьтны тусын тулд хар зүгийн нүүрлэсэн бүхнийг дарж, шөнийн цагаар явж дайсан тэрсүүдийг эрж олон дарах тангарагтай тул музей нэгэн шинэ бэлгэдлийн хамгаалагчтай болсон мэт сэтгэгдэл төрнө. 

Музейн ханан дээр монгол зургууд зуржээ (фото 1)

Л.Давааням, Ц.Баттөр нар өөрсдөө музейн хуучин урд хаалган дээр монгол хаалганы дүрс, чимэглэл нэмж зурсан нь шинэлэг болж чадсан байна. Бид дараачийн удаа эдгээр уран бүтээлчдийн бүтээсэн гурван хэмжээст зургуудыг нийтлэх болно.

цааш үзэх