Ойрын хугацаанд Twitter-т гарч магадгүй өөрчлөлтүүд
Дональд Трампын хувийн хуудас буцаж нээгдэх магадлалтай
Өчигдөрхөн Twitter-ийн 9.2%-ийг буюу хамгийн том хувьцааг худалдан авсан нь ил болсон Илон Маск (@elonmusk)-ийг тус компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал (@paraga) удирдах зөвлөлийн гишүүн болсныг зарлалаа. Илон Маскийн хувьд Twitter-ийг идэвхтэй хэрэглэдэг бөгөөд этгээд үзэл бодлууд болон интернэт meme нийтэлдгээрээ алдартай юм. Өчигдөр цацагдсан мэдээнээс хойш маш олон хүн Маскт хандаж санал хэлж байгаа ба тэдгээрт хэрхэн хариулж байгаагаар нь ойрын саруудад Twitter-т гарч магадгүй өөрчлөлтүүдийг хүргэж байна.
Юун түрүүнд хэрэглэгчид өөрсдийн бичсэн твийтээ засварлах боломжтой болж тун магадгүй байна. Тэрээр “Засварлах товч хэрэгтэй байна уу? Тийм, эсвэл үгүй” гэсэн санал асуулга явуулахад 73.6% нь “тийм” гэж хариулснаас үзэхэд тус өөрчлөлт тун ойрын хугацаанд хийгдэж магадгүй байна.
Мессеж спамддаг ботууд цэгцрэх магадлалтай байна. Ялангуяа криптовалютын хэрэглээ ихэссэнээс хойш төрөл бүрийн луйврын шинжтэй мессеж хэрэглэгчид рүү илгээдэг ботууд ихэссэн билээ. Илон Маск тэднийг “хамгийн ядаргаатай асуудал” гэсэн бөгөөд хэрэглэгчийг жинхэнэ хүн эсэхийг баталгаажуулах системээ сайжруулж уг асуудлыг шийдвэрлэх магадлалтай байна.
Bluetooth чихэвч, эсвэл машины хөгжимд утсаа холбоход дуу хамгийн чанга дээр хүрчхээд байдаг алдааг яаралтай засварлана гэжээ.
Түүнчлэн Twitter-ийн маш олон хэрэглэгчид АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын хувийн хуудсыг буцаан нээх талаар санал гаргаж байна. Сүүлийн үеийн дэлхий нийтийг хамарсан хямралуудаас үүдэн Twitter гэлтгүй бусад олон нийтийн сүлжээний хэрэгслүүд хэрэглэгчдэд хаалт, хориг ихээр тавих болсныг хурцаар шүүмжилж байсан учраас Илон Маскийг уг асуудалд нөлөөлж, өөрчлөлт авчрах байх гэж олон хүн итгэж байна.