“Ритагийн байдал илүү хүнд байсан”: Том Хэнкс хэрхэн коронавирустэй тэмцсэн тухайгаа ярьжээ
Ямар шинж тэмдэг илэрч, өвчний үйл явц хэрхэн явагдаж байсан тухай
Жүжигчин Том Хэнкс сар гаруйн өмнө эхнэрийн хамт коронавирусийн халдвар авснаа албан ёсоор мэдэгдэж, хэсэг хугацаанд тусгаарлалтад орон, эмчилгээ хийлгэсэн билээ. Аз болж хосууд өвчнийг даван туулан, эдгэрч чадсан бөгөөд саяхан энэ туршлагынхаа талаар олон нийттэй хуваалцжээ. Тодруулбал Том Хэнкс өнгөрсөн Пүрэв гарагт "The National Defense Radio Show" радио нэвтрүүлгийн үеэр өвчний үйл явц хэрхэн явагдаж байсан талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Жүжигчний хэлснээр Рита тэр хоёрт өөр өөр шинж тэмдгүүд илэрсэн байна. "Ритагийн байдал минийхээс хүнд байсан. Тэр маш өндөр халуунтай байснаас гадна амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан байсан. Тэр бараг гурван долоо хоногийн турш хоолноос ямар ч таашаал авч чадалгүй явсан" хэмээн Том ярьжээ.
Харин Томын хувьд бие зовуурлах, ядрах шинж тэмдгүүд илэрчээ. Мөн түүний нэмж хэлснээр Ритагийн дотор ойр ойрхон муухайрч байсан тул тэрээр ор ба ванны өрөө хооронд ямар ч хүчгүйн улмаас мөлхөх шаардлагатай болдог байсан гэнэ.
Эргэн сануулахад Том Хэнкс ба Рита Уилсон нар энэ оны гуравдугаар сард, Австралид кино зураг авалтад оролцож байх үедээ коронавирусийн халдвар авсан бөгөөд анх бие нь тавгүйрхэж эхлэхэд эмнэлэгт хандан, COVID-19 халдварын шинжилгээ өгсөн билээ. Шинжилгээний хариу эерэг гарсан тул хосуудыг гурван хоног эмнэлэгт тусгаарласны дараа гэртээ карантинд орох заалттайгаар эмнэлгээс гаргасан юм.
Хэнксийн хуваалцсанаар тэрээр эмнэлэгт байх хугацаандаа эрүүл мэндээ дэмжин энгийн дасгал хөдөлгөөн хийхийг оролддог байсан боловч бие нь маш их сулдаж, ядарсан байсан тул арваас дээш минут дасгал хийх ямар ч боломжгүй байсан гэнэ.
Одоо хосууд бүрэн эдгэрч, Лос-Анжелест эргэн ирсэн байгаа. Тэд мөн коронавирусийн эсрэг вакцин боловсруулах ажилд нэмэр болох үүднээс цусаа хандивласан билээ.