“Sex and the City”-гийн Миранда Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж байна
“Нью-Йорк бол миний гэр”
HBO телевизийн алдарт "Sex and the City" цувралд Миранда Хоббс гэх хуульч бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Синтия Никсон АНУ-ын Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан байна. Тэрээр ирэх есдүгээр сард болох Ардчилсан намын анхан шатны сонгуульд одоогийн Нью-Йорк мужийн тэргүүн Эндрю Куомотой өрсөлдөхөөр болжээ. Дашрамд дурдахад Эндрю Куомо амбан захирагчийн сонгуульд гурав дах удаагаа оролцож байгаа аж.
Синтия Никсон сонгуулийн сурталчилгааны хүрээнд Youtube суваг дээр нэгэн видеог цацсан байна. Видеонд жүжигчин бүсгүй Нью-Йорк хотоор зугаалж, метро ирэхийг хүлээж, гэрийнхээ зочны өрөөнд сууж, ЛГБТ нийгэмлэг ба боловсролын ач холбогдлын талаар ярина.
"Нью-Йорк бол миний гэр. Би энд бүх насаараа амьдарсан. Би улсын сургууль төгссөн гэдгээрээ бахархдаг. Миний хүүхэд ч мөн улсын сургуульд суралцаж байгаад би бүр ч их бахархдаг. Өнөөдөр Нью-Йоркод ихэнх хүүхдүүдэд олдохгүй байгаа тэр боломж надад олдсон юм" гэж 51 настай Синтия Никсон хэлсэн байна.
Мөн жүжигчин бүсгүй "Бид төрөөс эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, хоригдлуудын тоог багасгаж, метроны менежментийг шинэчилж, дахин идэвхтэй ажиллаж эхлэхийг хүсч байна" хэмээн нэмж онцолсон юм.
Одоогийн байдлаар урьдчилсан санал асуулгаар Синтия Никсонд сонгогчдын 19% нь саналаа өгөхөд бэлэн байгаа бол Эндрю Куомог 66% нь дэмжиж байна. Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгууль 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд явагдана.