Судалгаа: Экстэйгээ найзын харилцаа тогтоох нь хэвийн үзэгдэл
2022 оны байдлаар Google платформ дээр хийсэн топ хайлтуудын жагсаалтад “Экстэйгээ найзууд болох нь хэвийн бус үзэгдэл үү?” хэмээх асуулт багтжээ. Тэгвэл олон улсын секс велнесс салбарын тэргүүлэх брэндүүдийг нэгтгэдэг Lovehoney компанийн зүгээс экстэйгээ найзын харилцаатай байх нь харьцангуй хэвийн зүйл бөгөөд энэ нь муугийн дохио биш гэсэн дүгнэлт бүхий судалгааны хариуг танилцуулсан байна.
Lovehoney-гийн 18-аас дээш насны 2000 хүнийг хамруулсан санал асуулгаар нийт оролцогчдын 69% нь экстэйгээ найзууд болж үлдсэн, аль эсвэл ямар нэг байдлаар эерэг харилцаа тогтоосон үр дүн гарчээ. Харин энэхүү үзүүлэлт нь зөвхөн эрэгтэй оролцогчдын дунд 71% болж өссөнөөр тэд эмэгтэйчүүдээс илүү экстэйгээ үргэлжлүүлэн холбоотой байх хандлагатай гэх дүгнэлтэд хүргэжээ. Үүнээс гадна оролцогчдын 45-54 насны хүмүүсийн 74% нь экстэйгээ найзалж байсан туршлагатай бол санал асуулгын хамгийн залуу оролцогчид болох 18-24 насныхны 42% нь экстэйгээ холбоотой байхад асуудалгүй хэмээн үзсэн байна.
ЯМАР ШАЛТГААНААР ХҮМҮҮС ЭКСТЭЙГЭЭ НАЙЗУУД БОЛОХЫГ СОНГОДОГ ВЭ?
2000 хүний тал гаруй хувь нь (52%) экстэйгээ романтик харилцаа руу орохоос өмнө найзууд байсан бөгөөд бүрмөсөн харилцаагаа таслахыг хүсээгүйн үндсэн дээр энэхүү сонголтыг хийжээ. Сонирхолтой нь тус шалтгааныг нэрлэсэн хүмүүсийн дийлэнх хувийг non-binary (88%) болон эмэгтэй (54%) хүмүүс эзэлж байгаа юм. Харин 10 эрэгтэй тутмын гурав нь “friends with benefits” буюу сексийн харилцаагаа хэвээр авч үлдэх зорилготойгоор салсан найз эмэгтэйчүүдтэйгээ холбоотой байдгаа хэлжээ. Эдгээрээс гадна эксүүд дундаасаа хүүхэдтэй, эсвэл нэг найзын хүрээлэлд байдаг гэх шалтгаанууд дурдагдсан байна.
ЭКСТЭЙГЭЭ БИЙ БОЛГОСОН НАЙЗЫН ХАРИЛЦАА ОРШИН ТОГТНОЖ ЧАДАХ УУ?
Судалгаанд оролцогчдын 84% нь найзын харилцаагаа амжилттай явж байгаа хэмээн дүгнэжээ. Тэдний дийлэнх нь сексийн харилцаа бий болгохгүйгээр найзалснаар энэхүү үр дүнд хүрсэн хэмээн үзсэн байна.
Харин найзуудын холбоо тасарсан шалтгааны нэгдүгээрт "романтик харилцаатай байх үед тулгарч байсан асуудлууд дахин хөндөгдөх" гэх хариулт орсон бол санал асуулга дээр дурдагдсан “хэт их ойлгомжгүй мэдрэмжүүд” гэх шалтгаан цөөн тоогоор нэрлэгджээ.