Хайх

Том Хэнкс Корона хүүг дэмжжээ. Хүүг нэрнээс нь болж сургууль дээр нь дээрэлхдэг байж

Том Хэнкс Корона хүүг дэмжжээ. Хүүг нэрнээс нь болж сургууль дээр нь дээрэлхдэг байж

Мөн хүүд бэлэг илгээжээ

Text: Buro.Mongolia


Корона Де Врис (Corona De Vries) гэх Австралийн Квинсленд мужийн 8 настай сурагч хүү жүжигчин Том Хэнкст захидал бичжээ. Тэрээр захидалдаа сургуулийнх нь хүүхдүүд түүнийг нэрнээс нь болж шоолж, дээрэлхдэг болохыг мэдэгдсэн байна. 7 news телевизийн мэдээллэснээр жүжигчин хүүг дэмжин хариу захидал бичиж, бяцхан бэлэгний хамт илгээжээ.

Том Хэнкс эхнэрийн хамт COVID-19 халдвар аван эдгэрсэн тухай мэдээллийг харсан Корона хүү ийнхүү жүжигчинд хандан бичсэн байна. "Би мэдээгээр та бас таны эхнэр коронавирус авсныг сонссон. Та одоо зүгээр болсон үү? Надад миний нэр таалагддаг, гэхдээ сургууль дээр намайг хүмүүс коронавирус гэж шоолдог. Хүмүүс намайг ингэж дуудахаар би маш гунигтай бас ууртай болдог".

Харин энэхүү захидлыг харсан Том Хэнксийн сэтгэл хөдөлж, тэр даруйд хүүг дэмжин хариу бичихээр шийджээ. Тэрээр мөн өөрийн хэрэглэдэг Corona нэртэй брэндийн бичгийн машинаа хүүд бэлэглэсэн байна.

Том Хэнкс Корона хүүг дэмжжээ. Хүүг нэрнээс нь болж сургууль дээр нь дээрэлхдэг байж (фото 1)

Хариу захидалд жүжигчин ингэж бичжээ:

"Хүндэт найз Корона,

Чиний захидал эхнэр бид хоёрын сэтгэлийг маш их хөдөлгөлөө! Ийм сайн найз байгаад чинь баярлалаа - найзууд хүнд үед бие биенээ дэмждэг шүү дээ.

Би чамайг зурагтаар харсан. Хэдийгээр би одоо АНУ-д гэртээ эргээд ирсэн, ямар нэгэн зовуургүй, бүрэн эдгэрсэн байгаа ч чиний захидлыг хараад бүр ч дээрдлээ.

Чи бол миний мэдэх цорын ганц Корона нэртэй хүн. Яг л нарны цагираг, титэм шиг.

Би энэхүү бичгийн машиныг чамд таалагдана гэж бодлоо. Үүнийг би Голд-Кост руу явахдаа авч яван хэрэглэсэн, харин одоо чам руу эргээд илгээж байна. Том хүнээс яаж ажилладгийг нь асуугаарай. Мөн үүнийг ашиглан над руу хариу бичээрэй".


Энэхүү захидлаа Том Хэнкс хүүд илгээсэн бичгийн машин дээрээ бичсэн бөгөөд захидлын төгсгөлд гараараа "Би чиний найдаж болох найз шүү. Дахин нэг удаа баярлалаа!" хэмээн нэмж бичжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх