Зохиолч Маккензи Скотт 2021 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ
Сүүлийн 10 жилийн хугацаанд тус жагсаалтыг Ангела Меркель тэргүүлж байсан билээ
Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг танилцууллаа. 2011 оноос хойш тус жагсаалтын нэгдүгээр байранд Германы канцлер Ангела Меркель бичигдэж байсан бол энэ удаад жагсаалтыг АНУ-ын тэрбумтан, зохиолч Маккензи Скотт тэргүүлжээ.
2019 он хүртэл Amazon компанийг үндэслэгч Жефф Безосын гэргий байсан тэрээр буяны үйлсэд идэвхтэй оролцдогоороо олонд танигдсан юм. Маккензи Скотт гэрлэлтээ цуцлуулсны дараа эд хөрөнгийнхөө талыг тусламж хэрэгтэй хүмүүст зориулахаа амлаж байсан билээ.
Жагсаалтын эхний таван байранд мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард, General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра, Bill & Melinda Gates Foundation сангийн үүсгэн байгуулагч Мелинда Френч Гейтс нар багтжээ.
Түүнчлэн уг жагсаалтад Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь, АНУ-ын улс төрч Нэнси Пелоси, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева, хөтлөгч Опра Уинфри болон Facebook-ийн үйл ажиллагааны захирал Шерил Сандберг нар бичигдсэн байна.
Харин Ангела Меркель энэ жилийн жагсаалтад багтаагүй юм. Тэрээр энэ оны аравдугаар сарын сүүлчээр Германы Холбооны Канцлерийн албан тушаалаасаа огцорч, улмаар Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтаас хассан байна.