Хайх

#BuroCrush: Шинээр гялалзаж буй Харри Стайлс

#BuroCrush: Шинээр гялалзаж буй Харри Стайлс

Шинэ рок од

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Соло карьераа амжилттай эхлүүлж, хөгжмийн ертөнцөд шуугиан тарьж буй дуучин Харри Стайлсыг бид энэ удаагийн #BuroCrush буландаа онцолж байна

Одоогоос таван жилийн өмнө Их Британийн дуучин Харри Стайлсыг One Direction хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй байсан биз ээ. Анх 2010 онд The X Factor шоу нэвтрүүлгээс гараагаа эхлүүлж байсан авьяаслаг таван залуу энэ хугацаанд амжилттай таван цомог гаргаж, зөвхөн Их Британи төдийгүй, дэлхий дахинд охидын зүрх сэтгэлийг булаасан юм. Харамсалтай нь хөвгүүдийн хамтлагийн оршин тогтнол богино настай байдаг нь цаг хугацаагаар батлагдсан зүйл билээ. Үүний дагуу One Direction ч бас удалгүй бутарч, хамтлагийн уран бүтээлчид ганцаарчилсан замыг сонгосон юм. Тэгвэл One Direction хамтлагаас хойш Харри Стайлсыг ямар карьер хүлээж байсан бэ? Мэдээж тэр соло карьераа эхлүүлэх нь хүн бүхэнд тодорхой байсан. Гэхдээ түүний хамгийн анхны "Harry Styles" нэртэй бие даасан цомог ийм сайн болно гэдгийг хэн ч таамаглаагүй нь гарцаагүй. Хэрэв өмнө нь Харри Стайлс хөвгүүдийн поп хамтлагийн дуучин байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард "Sign of the Times" нэртэй шинэ цомгийнхоо анхны синглийг цацсанаар тэр нүд ирмэхийн зуур л хөгжмийн ертөнцөд шинээр төрөн гарч байгаа чадварлаг уран бүтээлч болон хувирсан юм. 1970-аад оны софт рок урсгалыг санагдуулам "Harry Styles" цомог өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсний дараагаар хөгжмийн сэтгүүлүүд Харри Стайлсыг Дэвид Боуи, Queen, Pink Floyd зэрэг домогт уран бүтээлчидтэй харьцуулах болжээ.

#BuroCrush: Шинээр гялалзаж буй Харри Стайлс (фото 1)

Харри Стайлс 2010 онд The X Factor шоунд тэнцэхээсээ өмнө "White Eskimo" нэртэй панк, поп хамтлагийн гоцлол дуучин байжээ. Тэрээр од болохоосоо өмнө халаасны мөнгө олох зорилгоор нарийн боовны дэлгүүрт ажиллахын зэрэгцээ хамтлагтаа дуу зохион хөгжмийн авьяасаа хөгжүүлдэг байсан юм. Гэхдээ Английн Реддитч хотоос гаралтай хэний ч танихгүй нэгэн залуугийн хувь тавилан The X Factor шоуны шалгаруулалтад орсноор хормын зуур өөрчлөгдсөн билээ. Хэдийгээр Харри соло дуучны төрөлд нэвтрүүлгийг үргэлжлүүлж чадаагүй ч шоуны продюсер, шүүгч Саймон Коуэлл түүнийг дөрвөн өөр авьяаслаг залуугийн хамтаар хөвгүүдийн хамтлаг бүрдүүлж оролцохыг санал болгосноор "One Direction" хамтлагийн "эрин үе" эхэлсэн түүхтэй.

#BuroCrush: Шинээр гялалзаж буй Харри Стайлс (фото 2)

Түүнчлэн Их Британийн залуу дуучин хөгжмийн карьераас гадна, кино урлагт ч бас хүчээ сориод амжжээ. Түүний хамгийн сүүлд оролцсон томоохон хэмжээний төслөөс дурдвал "Dunkirk" нэртэй Дэлхийн II дайны тухай кино бий. Уг киног алдарт найруулагч Кристофер Нолан найруулж, хөгжмийн зохиолыг Ханс Циммер бичсэн бөгөөд 2017 оны долоодугаар сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Тэгэхээр бид Харри Стайлсыг хэр сайн жүжигчин болохыг тун удахгүй дүгнэх боломжтой болох нь ээ.

Тэгэхдээ Харри Стайлс үүгээр кино урлагийн салбарт бүхэлдээ орж байгаа хэрэг биш юм. Тэрээр юуны түрүүнд анхны бие даасан цомгоо сурталчлах зорилгоор ирэх есдүгээр сараас эхлэн "Harry Styles: Live on Tour" нэртэй олон улсын аялан тоглолт хийнэ гэдгээ өөрийн вебсайтаар дамжуулан зарласан юм. Энэ тухайгаа Харри мөн Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. "Би зүгээр ч нэг түүх биш харин өөрийнхөө түүхийг бичихийг хүссэн. Надад тохиолдсон зүйлсийг бусдад хүргэхийг хичээсэн. Гэхдээ энэ удаад би шударга байхыг хүсч байна" хэмээн дуучин анхны цомгийнхоо тухай хуваалцсан юм. Ингээд Харри Стайлсын дотоод сэтгэлийг мэдрэхийг хүссэн хүн бүр түүний хөгжмийг шимтэн сонсохыг бид уриалж байна. 

 

цааш үзэх