Хайх

#BuroCrush: Хэнтэй ч адилгүй Бенедикт Камбербэтч

#BuroCrush: Хэнтэй ч адилгүй Бенедикт Камбербэтч

Их Британийн жентльмен

Text: Г.Тэмүүлэн


Шинэ мянганы гол мөрдөгчийн дүрд тоглосон жүжигчин Бенедикт Камабербэтчийг Бюро 24/7 энэ долоо хоногийн #BuroCrush буландаа онцолж байна

Бенедикт Камбербэтч бол кино урлагийн салбарт гарсан хамгийн хачирхалтай гоц үзэгдлүүдийн нэг юм. Үнэнийг хэлэхэд, түүний гаднах төрх кино урлагийн жишигт тохирсон гэж хэлэхэд хэцүү. Тиймээс Бенедикт Камбербэтч зөв дүр сонгох чадвар, эелдэг зан, бусдын сэтгэлийг татдаг байдлаараа од болсон гэж хэлж болно.

Бенедикт Тимоти Карлтон Камбербэтч Лондон хотод Тимоти Карлтон болон Ванда Вентхам гэх жүжигчдийн хүү болон төрсөн юм. Хэдийгээр Бенедиктийн эцэг эх 1970-аад онд супер од биш боловч чамлахааргүй амжилттай жүжигчид байсан хэр нь хүүгээ хэзээ ч жүжигчин болгохгүй гэж шийдсэн байжээ. Тэр тусмаа Тимоти Карлтон хүүгээ хуульч мэргэжилтэй нөлөө бүхий хүн болгохыг мөрөөдөж, Хэрроу гэх нэр хүндтэй   хөвгүүдийн сургуульд өгчээ.

#BuroCrush: Хэнтэй ч адилгүй Бенедикт Камбербэтч (фото 1)

Шинэ сургуульд нь түүнийг нэрнээс нь болж "Өргөст хэмх" (Cucumber patch) хэмээн шоолдог байсан ч тэр төд удалгүй бүх хүүхдүүдтэй найз болж чадсан байна. Хамгийн анх сургуулийнхаа театрын тайзан дээр Шекспирийн "A Midsummer Night's Dream" жүжгийн Титания гэдэг хатны дүрд тоглосны дараа (мэдээж хөвгүүдийн сургуульд энэ дүрийг бүтээх охин байгаагүй) тэрээр театраар "өвчилсөн" гэж хэлж болно. Тиймээс л тэр Хэрроу сургуулийг төгсөөд ямар нэг хуулийн сургуульд биш харин Манчестерын Их сургуулийн драмын ангид элсэж суралцсан байх.

Бенедикт Камбербэтч 2010 онд "Sherlock" цувралын гол дүрд тоглосноос хойш үзэгчид өмнөх Шерлок Холмсууд яг ямар байсныг ор тас мартсан гэж хэлж болно. "Sherlock" цуврал түүнийг асар амжилттай жүжигчин болоход нөлөөлсөн гол бүтээл бөгөөд энэ цувралаас хойш Бенедикт Их Британи төдийгүй дэлхий даяар олон тооны шүтэн бишрэгчидтэй болсон юм. Түүнийг жүжигчин болгохыг хүсээгүй аав ээж хоёр нь хүртэл "Sherlock" цувралын нэг ангид тоглосон байдаг. (Гуравдугаар улирал, "His Last Vow" анги).

#BuroCrush: Хэнтэй ч адилгүй Бенедикт Камбербэтч (фото 2)

Дараа нь тэр "Tinker Tailor Soldier Spy", "12 Years a Slave", "The Imitation Game" зэрэг томоохон бүтээлүүдэд тоглож, Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн. Камбербэтч "The Fifth State" кинонд WikiLeak вебсайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн дүрд хувирч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэр Ван Гогийн тухай өгүүлсэн "Van Gogh: Painted with Words" кинонд өөрөө яг л Ван Гог юм шиг гайхалтай амьд сэтгэгдэл төрүүлсэн дүр бүтээсэн бол дараа нь супер баатрын дүрд хувираад байна. Marvel-ын комик ертөнцийн бас нэгэн ер бусын хүчтэй баатар болох Стивен Стрэнжийн тухай өгүүлэх "Dr. Strange" блокбастер яг одоо Улаанбаатарын бүх кино театруудаар гарч байгаа.

Бенедикт Камбербэтчийг маш романтик сэтгэлгээтэй, жинхэнэ англи жентльмэн гэж ярьдаг. Их Британийн Country Magazine сэтгүүл 2014 онд түүнийг "Оны жентльмэн" гэж онцолж байсан билээ. Бенедикт одоогийн эхнэр Софи Хантертай сүй тавьснаа The Times өдөр тутмын сонинд зарлаж, уламжлалт сэтгэлгээтэй, романтик залуу гэдгээ дахин баталсан юм.

Бенедикт Камбербэтч ирээдүйд буюу 2018 онд "How the Grinch Stole Christmas" киноны шинэ хувилбарт Гринчийн дүрийг бүтээхээр болжээ. Харин түүний Гринч өмнө нь 2000 онд Жим Керригийн бүтээсэн домогт дүрийг гүйцэж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах болно.

цааш үзэх