#BuroCrush: Хэзээ ч цуцашгүй Карл Лагерфельд
Төрсөн өдрийн мэнд!
Загварын ертөнцийн суут ухаантан Карл Лагерфельдын тухай дэлхий ертөнц бараг бүхий л зүйлийг мэддэг болсон байх. Жишээ нь тэр өөрийн Шупетт хочтой мууранд ухаангүй хайртай, ажиллах бол түүнд яг л амьсгалахтай адил гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс л түүний тухай үлгэр домог мэт зүйлс яригдаж, хайхрамжгүй хэлсэн үг бүр нь алдартай ишлэл болон хувирдаг биз. Карл өөрийн карьертаа маш их зүйлийг хийсэн. Үргэлжлүүлэн хийсээр ч байна. Саяхан Карл Лагерфельд Chanel, Fendi брэндүүдтэй насан туршийн гэрээ байгуулсан нь түүний ажлын их эрч хүч дуусах мөдгүйг дахин батласан юм. Тэрбээр зөвхөн фэйшн дизайнераас гадна зурагчин, нийтлэлч гээд маш их зүйлийг зэрэг амжуулдаг. Карл Лагерфельд загварын орднуудын сурталчилгааны зураг авалтыг өөрөө авдаг бөгөөд энэ зун Флоренц хотод авсан зургуудаараа "Visions of Fashion" нэртэй үзэсгэлэн гаргаад амжсан. Түүнд "7L" нэртэй өөрийн гэсэн номын дэлгүүр хүртэл бий. Тэр ч бүү хэл, сүүлийн үед тэр интерьер дизайны ажилд өөрийгөө зориулах болсон. Тухайлбал, Майами дахь "The Estates at Acqualina" цогцолборын үүдний өрөөний дизайныг Карл Лагерфельд хийх юм.
"Энэ бүх эрч хүч, олон төрлийн авьяас хаанаас ундарч байна вэ?" гэж олон хүмүүс гайхдаг байх. Тэгвэл үүнийг ойлгохын тулд түүний амьдралын хэв маяг ба өөрийн гэсэн философийг нь ойлгох хэрэг гарна. Карл Лагерфельд The New York Times Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Зүгээр л ажиллах дуртай бөгөөд хэзээ ч тэтгэвэртээ гарахгүй, хэрэв ингэсэн тохиолдолд шууд л үхнэ" гэж ярьж байсан. Мөн тэр "Хэзээ ч өнгөрсөн цаг руу эргэж хардаггүй, загвар бол одоо ба ирээдүйд л байх ёстой зүйл" гэж нэмж ярьсан юм.
Harper's Bazaar сэтгүүлд Карл Лагерфельдын амьдралын нэг өдрийг харуулсан нийтлэлээс (2013) харахад тэр маш их сахилга баттай бөгөөд өөрийн гэсэн хачирхалтай гэмээр амьдралын хэв маягтай. Жишээ нь Карл өдөрт заавал долоон цаг унтдаг, технологийн зүйлст цагаа үрдэггүй (мэдээж хувцас дизайн дээр шинэ технологийг туршдаг!), мөн өглөө босоод, орой орондоо орох хүртлээ Diet Coke уудаг. Карл Лагерфельдын ажлын цаг оройн 20:00 цаг хүртэл үргэлжилдэг ба тэр энэ хугацаанд шинэ цуглуулга дээр ажиллахын зэрэгцээ маш их ном уншиж, зураг зурдаг байна. "Аймшигт ба суут" Карл Лагерфельдын ажиллах чаддвар гайхамшигтай. Түүнд ямар ч эрч хүч, шинэ санааны хязгаар үгүй мэт санагдана. Тэгэхдээ домогт маэстро загварын ордны өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй. Түүний ажил маш концепцийн чанартай. Жишээ нь саяхан Chanel-ын шинэ нүүр царайгаар тодорсон Лили-Роуз Депп ба Уиллоу Смит нарыг Карл сонгосон юм. Тэр өнгөрсөн жил Chanel-ын хавар-зуны шинэ цуглуулгад зориулж Парисын Grand Palais ордонг хамгийн загварлаг онгоцны буудал болгон хувиргаж байсныг санаж байна уу? Түүний өмнө нь, 2015 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулахаар Grand Palais казино болгож байсныг? Түүний уран сэтгэмж ба бусдыг гайхшруулах чадвар хэзээ ч дуусахгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Карлын бас нэг онцгой авьяас бол тэр тухайн цаг үе ба орчноо маш сайн мэдэрч чаддагт байгаа юм. Тэрээр нэгэн ярилцлагадаа өөрийн насны хүмүүсийг аймшигтай, уйтгартай гэж боддог бөгөөд тэдэнтэй цагийг өнгөрөөх гэсэн ч бараг бүгд үхсэн гэж шулуухан хэлж байсан. Тиймээс л тэр үргэлж залуу найзуудтай байдаг тухай Карин Ройтфельд Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Карл Лагерфельд өөрийн бодож байгаа зүйлсээ шулуухан бөгөөд шударгаар хэлж шуугиан тарьдгаараа алдартай. Тэр махлаг бүсгүйчүүд, намхан эрчүүд ба хүүхдүүдийг тэвчдэггүй. Карл 42 размераас том хувцас хийхээс татгалзаж, хэн ч тайзан дээр тарган загвар өмсөгчийг харахыг хүсэхгүй гэж хэлж, тэр ч бүү хэл дуучин Аделийг хэт махлаг хэмээн дуудаж бөөн шуугиан тарьж байлаа. Хамгийн сонирхолтой нь Карл Лагерфельдын афоризмуудаас бүрдсэн "The World According to Karl" нэртэй ном хүртэл гарсан.
Ямартаа ч бид түүний уран бүтээлийн эрч хүч, шинэ санаа дуусах болоогүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс тэр агуу авьяасаараа цаашид биднийг хөглөсөөр байх болно. Төрсөн өдрийн мэнд хүргэе Карл Лагерфельд!