#BuroCrush: Холимог тулааны хаан Конор Макгрегор
UFC-гийн хамгийн алдартай тамирчин
Ирландын Дублин хотоос гаралтай, холимог тулааны урлагийн тамирчин Конор Макгрегор яг одоо амьдралынхаа хамгийн том тулаанд бэлдэж байна. Тэрээр 2013 оноос эхлэн UFC (Ultimate Fighting Championship) холбоонд орж, нийт 24 тулаан хийснээс 21-т нь ялж, хоёр жингийн төрөлд аварга болж, холимог тулааны хамгийн алдартай тамирчин болж чадсан юм. Конор хоёр хүрэхгүй жилийн хугацаанд UFC-гийн хөнгөн жингийн супер од мөн нэгэн зэрэг хүн бүхний хайрладаг бас үзэн яддаг дэлхийн нэртэй тамирчин болсон билээ. Тэр ч бүү хэл Конор Макгрегорын ачаар хүмүүс массаараа UFC тулаан сонирхох болсон гэж хэлж болно.
Юуны өмнө Макгрегор бол даруухан хүн огтхон ч биш гэдгийг дурдах нь зүйтэй. Тэр үргэлж ямар нэг шуугиан тарьж, хэн нэгнийг доромжилж байдаг. Ингэх нь ч түүний амжилтад асар их нөлөөтэй. Учир нь ингэж биеэ авч явснаар тэр олон нийтийн анхаарлыг татаж, энэ хэрээр түүний тулаануудыг олон хүн үздэг юм (тэр UFC тулааны дамжуулалт бүрээс хувь хүртдэг). Мөн Конор хүмүүсийн гол ярианы сэдэв болсноор илүү олон сурталчилгааны санал хүлээн авч, амжилттай гэрээнүүд байгуулдаг билээ. Гэхдээ шуугиан тарьсан "муу залуу"-гийн дүр төрх нь зөвхөн түүний карьерын нэгэн хэсэг юм. Харин бодит амьдрал дээр тэр уян зөөлөн сэтгэлтэй, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог, хүмүүсийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг нэгэн юм. Тухайлбал Конор төрөлх Ирланд улсынхаа орон гэргүй хүмүүст зориулсан хандивын санд мөнгөн тусламж тогтмол үзүүлдэг аж.
Хэрэв Конор 10 жилийн өмнө сантехникчээр ажиллаж байсан бол одоо орчин үеийн хамгийн шилдэг боксчинтой, түүний дүрмээр тулалдах гэж байна. Тэрээр амжилт, нэр алдарт хүрэхийн өмнө хөлсний байранд, ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгөөр амьдарч байсан юм. Энэ үед Конор үргэлж бэлтгэл хийж, спорт зааланд ихэнх цагийг өнгөрөөдөг байжээ. Харин түүний найз бүсгүй Ди Девлин Конорыг амжилтанд хүрнэ гэдэгт итгэж, үргэлж дэмжиж байсан цорын ганц хүн байсан гэнэ. Хэдийгээр тэд үргэлж санхүүгээр гачигддаг байсан ч Ди маш шаргуу ажиллаж, Конорыг эрүүл хооллоход анхаарал хандуулж, сэтгэл санаагаар дэмждэг байсан нь ийнхүү Конорын амжилтын суурь болж өгчээ. Харин Конор түүнийг өөрийнхөө "аврагч" хэмээн Irish Mirror вебсайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Өнөөдөр Конор Макгрегор Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүс, Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтаас гадна GQ сэтгүүлийн 2017 оны хамгийн загварлаг эрчүүдийн рейтингэд дээгүүр байр эзэлж байна. Хэрэв түүний өрсөлдөгч Флойд ихэвчлэн саравчтай малгай, алтан гинж, спорт хослол гэх зэрэг чөлөөт хэв маягаар хувцасладаг бол Конор Макгрегор төгс суулттай хослол, үнэтэй бугуйн цаг, үслэг эдлэлээр өөрийн эршүүд хэрнээ загварлаг дүр төрхийг бүрдүүлдэг юм.
Ямартаа ч одоо цагийн UFC тулааны хамгийн цуутай тамирчин Конор Макгрегор болон өмнө нь нэг ч тулаанд ялагдаж үзээгүй, боксын спортын амьд домог Флойд Мейведер нарын хэн нь ялахыг бид энэ сарын 26-нд Лас Вегас хотноо зохиогдох дуулиант тэмцээнээс олж мэдэх болно.