#BuroCrush: Райан Гослингийг шүтэн бишрэх шалтгаан
Hey, Girl!
Одоо бид жүжигчин Райан Гослингийг дахиж хэзээ ч Райан Рейнольдстой андуурахгүй боллоо. Райан өчигдөр "La La Land" киногоор Алтан бөмбөрцөг наадмаас мюзикл киноны төрөлд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж үг хэлэхдээ түүнийг үргэлж Рейнольдстой андуурдаг талаар хөгжилтэйгээр дурдаад авсан юм. Хамгийн анх Бритни Спирс, Жастин Тимберлэйк, Кристина Агилера нартай хамт "The Mickey Mouse Club"-аас карьераа эхэлж байсан түүхтэй Райан Гослингод Backstreet Boys хамтлагийн гишүүн болох санал ирж байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тухайн үед Райан дөнгөж байгуулагдаж байсан хөвгүүдийн хамтлагийг амжилтанд хүрнэ гэдэгт итгээгүй тул татгалзаж байжээ. Мэдээж Райан дараа нь гаргасан шийдвэртээ харамссан! Тэр эргээд холбогдсон боловч "Зургаа дах гишүүн хэрэгтэй болвол хэлнэ ээ" гэсэн хариулт авсан гэдэг. Гэхдээ нөхцөл байдал ингэж эргэсэн нь бидний хувьд харин ч азтай хэрэг болсон байх.
Райан Гослинг эхэндээ гэмт хэргийн сэдэвтэй болон инди кинонуудад жижиг хэмжээний дүр бүтээдэг байсан бол 2004 онд Николас Спарксын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн "The Notebook" кинонд тоглосноор бүх зүйл нүд ирмэхийн зуур өөрчлөгдсөн юм. Ник Кассаветесын найруулсан романтик утга уянгын кинонд тоглосноор бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж, түүнд жинхэнэ нэр алдар ирсэн.
Энэ киноноос хойш Райан Гослинг "Half Nelson" (Оскарын шагналд шилдэг эрэгтэй дүрийн жүжигчнээр нэр дэвшсэн), "Crazy, Stupid, Love", "Drive" "The Big Short" "Fracture" зэрэг хэд, хэдэн сайн бүтээлүүдэд тоглосон байгаа. Мөн "The Lovely Bones" киноны гол дүр болох охиноо алдсан эцгийн дүрд Райан сонгогдсон ч тэрээр маш хөгжилтэй шалтгаанаар халагдаж байжээ. Райан Гослинг дүрдээ орохын тулд Haagen Dazs зайрмагийг цангасан үедээ хайлуулж уун, 30 кг жин нэмж зураг авалтын талбарт иртэл киноны найруулагч Питер Жексон түүнийг бараг таниагүй байна. Учир нь Райан дүрээ хэрхэн харагдах талаарх өөрийн төсөөллийг киноны уран бүтээлчидтэй хуваалцаагүйн улмаас ийнхүү үл ойлголцол үүсчээ. Эцэст нь энэ дүрийг Марк Уолберг авч, харин Райан түүний хэлснээр "Тарган бөгөөд ажилгүй" хоцорчээ.
"Drive" киноны найруулагч Николас Виндинг Рефн "Дэлгэцэнд гарч ирсэн даруйдаа л хүний анхаарлыг татах авьяастай жүжигчид асар цөөхөн" гэж Райан Гослингийн тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Үнэхээр ч Райан Гослинг маш их анхаарал татдаг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн анхааралд үргэлж өртдөг (Түүний "Hey, Girl" меме зургуудыг санахад л болно). Бүр 2011 онд People сэтгүүл хамгийн дур булаам эрэгтэй жүжигчнээр Брэдли Куперыг нэрлэхэд Райан Гослингийн шүтэн бишрэгчид уурлаж, тус сэтгүүлийн редакцийн гадаа эсэргүүцэн жагсаж байлаа. Үүнээс гадна, Amazon-оос "Райан Гослингийг хайрлах 100 шалтгаан" болон "Colour Me Good" гэдэг түүний зурагтай буддаг номуудыг олж болно.
Райан Гослинг зөвхөн жүжигчин төдийгүй найруулагчийн хувиар өөрийгөө сорьж "Lost River" киног бүтээсэн ба энэхүү кино нь 2014 оны Канны кино наадамд өрсөлдөж байсан. Бас тэрээр Dead Man's Bones гэдэг инди рок хамтлагтай бөгөөд өөрөө дуулж, гитар тоглодог. Дэмьен Шазеллын "La La Land" мюзиклд Райан хэний ч танихгүй жазз хөгжимчний дүрд маш чадварлагаар хувирахын тулд гурван сарын хугацаанд төгөлдөр хуур тоглож сурсан нь түүнд Алтан бөмбөрцөг наадмаас мюзикл киноны төрөлд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авчирсан юм.
Ер нь энэ жил бид Райан Гослингоор "амьсгалах" бололтой. Тэрээр 2017 онд домогт "Blade Runner" киноны шинэ хувилбар болох "Blade Runner 2049" шинжлэх ухааны уран зөгнөлт кино болон Терренс Маликийн утга уянгын "Song to Song" гэдэг хоёр ч том бүтээлд тоглож байгаа.