Хайх

Онцлох Instagram: Орон орны @ugluunii_tsai хэрхэн харагддаг вэ

Онцлох Instagram: Орон орны @ugluunii_tsai хэрхэн харагддаг вэ

Монгол залуусын хөтлөн явуулдаг бүтээлч хуудас

Text: Ц.Намуун


Энэ долоо хоногийн онцлох Instagram хуудсаараа монгол залуусын хөтлөн явуулдаг @ugluunii_tsai хэмээх нэгэн бүтээлч хуудсыг онцлохоор бэлтгэлээ. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр орон орны өглөөний цайг өөрсдөө бэлтгэн бүтээлчээр танилцуулдаг @ugluunii_tsai хуудсыг Г.Цэлмэн, Б.Золзаяа нар хамтран хөтөлдөг. Угаас төрөл бүрийн хоол хийх хоббитой тэд энэхүү хуудсыг хөтлөх санааг “Julie & Julia” киног үзэж байхдаа олжээ. 2020 оны дөрөвдүгээр сард хамгийн анхны постоороо англи өглөөний цайг танилцуулж байсан ба өнөөг хүртэл 47 төрлийн өглөөний цайг та бидэнд танилцуулаад амжсан юм.

Уг хуудсаараа дамжуулан өглөөний ундаа үргэлж ууж байхыг сануулахын зэрэгцээ орон орны хоолны соёл болоод өглөөний цай ямар олон төрөлтэй байдгийг харуулахыг зорьдгоо тэд онцлон дурдлаа.

@ugluunii_tsai хуудсанд зориулан нэг төрлийн өглөөний цайг бэлтгэхэд хоёр өдрийг зарцуулдаг байна. Хамгийн түрүүнд ямар орны өглөөний цайг бэлтгэхээ сонгон судалж бэлтгэлээ хангадаг бол эцэст нь зургаа янзлах, тухайн орныхоо сонирхолтой мэдээллийг бэлтгэх зэрэг ажлуудад цагаа зарцуулдаг байна. Сонирхуулахад, @ugluunii_tsai хуудсын хамгийн хандалт авсан постоор Хавайчуудын өглөөний цайндаа барьдаг смүүти "bowl" шалгарсан бол хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт шаардаж байсан постоор Грек өглөөний цай тодорчээ.

Тэд хоолны жороо тэр бүр хуваалцаад байдаггүй. Харин оронд нь эрэл хайгуул хийн тухайн хоолыг бэлтгэхийг санал болгодог билээ.

Ингээд орон орны өглөөний цайтай танилцацгаая!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх