Хайх

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд!

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд!

Бүгд худал!

Text: Г.Тэмүүлэн


Гоолиг сайхан бие галбирын төлөө бүсгүйчүүд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэгвэл бидний энэ хүсэл дээр тулгуурлаж олон янзын бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч иржээ. Тэгэхдээ та энэ бүгдээс аль нь ямар ч үр дүнгүй бөгөөд огт үйлчилдэггүй, тэр ч бүү хэл эрүүл мэндэд хортой болохыг мэдэх үү?

Галбиржуулдаг корсет буюу даруулга

Сүүлийн үед хаа сайгүй "waist training" буюу бэлхүүс нарийсгадаг гэх корсет худалдаалагдах болсон. Энэ бүхэн хаанаас эхлэлтэй гээч? Мэдээж нөгөөх л Кардашьяны гэр бүлээс. Ким, Клоуи нар галбиржуулдаг корсет зүүн селфидэж, нэгэн корсетыг рекламдсанаас болж дэлхин өнцөг булан бүрийн бүсгүйчүүд эрүүл мэндээрээ хохирох болсон. Энгийнээр тайлбарлавал, таны бэлхүүсний тойрог ясны тань бүтцээс шалтгаалах учраас хавирга авахуулах мэс засал хийлгэдэггүй л юм бол хэлбэрийг нь өөрчлөх боломжгүй. Мэдээж жин хассан тохиолдолд өөхөн давхарга хайлж гоолиг харагдана. Гэхдээ бэлхүүсний ерөнхий хэлбэр буюу хэр тайлтай /талия/ байх нь таны генээс л шалтгаална. Мөн эдгээр корсет нь бэлхүүсээр тураадаг гэж сурталчилсан байдаг. Дахин хэлэхэд, зөвхөн тухайн нэг хэсгээр жин хасна гэж хэзээ ч байхгүй, биеийн өөхөн давхарга жигд хайлж алга болдог юм шүү. Мэдээж хэт бариу корсет удаан хугацааны турш зүүхэд бэлхүүсээрээ нарийссан мэт мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ энэ бол тийм биш ээ. Хэсэг хугацааны дараа таны өөх буцаад л байсан байрандаа ирэх болно. Дээрээс нь дэндүү бариу корсетыг удаан хугацаанд зүүхэд хавирга, уушиг гээд дотор эрхтэнүүд дарагддаг байна. Нэгэн эмэгтэй корсет удаан хугацааны турш зүүснээс болж бүр ухаан алдан унаж байсан гээд бод доо!

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд! (фото 1)

Уутаар биеэ ороож дасгал хийх

Фитнесс зааланд уутаар биеэ ороож эсвэл гялгар уутаар хийсэн тусгай хувцас өмссөн хүмүүсийг харж байсан л биз дээ? Тэд мэдээж ийм хувцас өмсөнөөрөө илүү их хөлөрч, илүү их жин хасна гэж боддог байх. Гэхдээ энэ бол бас л том эндүүрэл. Учир нь ингэж гялгар уутаар биеэ ороож дасгал хийснээр мэдээж та их хөлөрнө. Тэгэхдээ энэ нь яг өөхөн давхарга тань хайлж байгаа биш, харин зүгээр л биеийн тань илүүдэл шингэн гадагшилж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй гялгар уут нь биеийг хэт халахад хүргэж, бие организм тань аль болох хөргөх горимд шилжих бөгөөд энэ нь харин ч маш бага калори шатааж жин хасах үйл явцыг удаашруулна гэсэн үг юм. Дээрээс нь та асар их шингэн алдсанаар шингэний дутагдалд орно. Шингэн дутагдана гэдэг нь таны бодисын солилцоо удаашрана. Тиймээс та энэ аргыг хэрэглэснээр харин ч бүр жин хасах үйл явцаа удаашруулж байгаа юм. Мэдээж та жин хасна, гэхдээ хасагдсан жин бол зөвхөн ус гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонирхуулахад, мэргэжлийн тамирчид тодорхой жинд өрсөлдөхийн тулд маш олон давхар хувцас өмсөж, гялгар уутаар биеэ ороож кардио дасгал хийн, саунд суудаг бөгөөд тэд маш богино хугацаанд биеийн шингэнээ алдсанаар тэмцээнд орох эрхтэй болдог байна.

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд! (фото 2)

Целлюлитийн эсрэг скраб, маск, тос, иллэг

Юуны өмнө хэлэхэд, целлюлит бол зүгээр л жигд бус тархсан өөх юм. Тиймээс та булчингийн дасгал хийх хэрэгтэй. Хэдий чинээ булчингийн масс их байна төдий чинээ целлюлит бага байна. Тэгэхдээ дасгал хийж байгаа хэрнээ целлюлит арилахгүй байна уу? Энэ нь та зөв хооллолт дээрээ алдаа гаргаж байгаагийн шинж юм. Эхлээд давстай хүнснээс татгалзах хэрэгтэй. Давс бол целлюлит үүсэх гол шалтгаануудын нэг юм. Хүний бөөр илүүдэл давсыг шингээж чадахгүй удахад тэр нь шингэн болон хуримтлагдаж, улмаар өөхөн давхаргыг жигд бус тарахад хүргэдэг. Нэгэнт бий болсон целлюлитийг гаднаас нь ямар ч кофетой скраб, зөгийн балтай маск эсвэл LPG аппарат арилгаж чадахгүй. Целлюлитийн эсрэг скраб, тос ба маск нь зүгээр л таны арьсыг зөөлөн, толигор болгоно. Мөн та целлюлит арилгана гэх массаж хийлгэвэл ямар ч хэрэгцээгүй өвдөлтийг тэвчих болно.

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд! (фото 3)

Дэглэм (Алим, тараг ,уураг гэх мэт)

Хурдан хугацаанд жин хасах хүсэлтэй бүсгүйчүүд төрөл бүрийн дэглэмийг хэд хоногийн турш барьдаг. Жишээ нь бүсгүйчүүд Шинэ жилийн үдэшлэг эсвэл ямар нэг арга хэмжээний өмнөх гурав хоногт дан алим идэж, эсвэл тараг уух зэргээр жин хасах гэж оролдох нь элбэг. Эсвэл бүр дан уургаар баялаг хүнс идэж (мах, өндөг г.м ), нүүрс ус огт авдаггүй. Мэдээж та долоо хоног дэглэм барьснаар жин хасах болно. Тэгэхдээ дэглэмээ дуусахад та бүр ч их жин нэмнэ гэдгийг мэдэх үү? Хэд хоногийн турш хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүй бие организм тань буцаад хэвийн хооллож эхлэхэд өнөөх "хүнд үеэ" санаж, идсэн бүгдийг хуримтлуулж эхэлнэ. Энэ тохиолдолд та бараг л зүсэм талх идэхэд таргална гэсэн үг юм. Мөн хоолоо эрс хасах нь бодисын солилцоог удаашруулна.

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд! (фото 4)

Тураадаг эм, бэлдмэл, цай

Зарим бүсгүйчүүд тураадаг гэсэн шошготой эм уугаад л ид шидийн мэт хүссэн бие галбираа олж авч чадна гэж боддог. Ийм төрлийн эм бэлдмэлүүд ихэвчлэн "өөх шатаана, хоолны дуршил бууруулна, бодисын солилцоог түргэсгэнэ" гэх мэт гайхамшигтай зүйлсийг бидэнд амладаг. Тэгэхдээ худалдаж авахынхаа өмнө дахин нэг сайн бодох л хэрэгтэй дээ. Учир нь тураах эм, цайнууд хэд, хэдэн муу нөлөөтэй. Хоолны дуршил бууруулах зорилготой амфетамин /мансууруулах бодист тооцогддог/, фенфлурамин, фентермин зэрэг бодисууд нь нойргүйдэл, дотор муухайрал, бөөр ба даралт ихсэх өвчин үүсгэдэг. Мөн ихэнх тураах бэлдмэлд каффеин орсон байдаг ба энэ нь зүрхний хэмнэлийг алдагдуулдаг. Хэрэв "тураах" кофе, цайг та ууж байгаад хэрэглэхээ болиход маш их "цангасан" бие организм хоол хүнснээс авсан шим тэжээлээ хуримтлуулж, эргээд асар хурдан жин нэмэхэд хүрдэг. Хамгийн сонирхолтой нь жин хасах бүтээгдэхүүний шошгон дээр тус бэлдмэлийг хэрэглэж байх хугацаандаа дасгал хийж, зөв хооллох ёстойг сануулсан байдаг. Тэгвэл энэ бүх хортой зүйлсийг хэрэглэлгүйгээр, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллоод эрүүл аргаар хүссэн бие галбиртаа хүрэх нь аюулгүй бөгөөд амархан биш гэж үү? Та үүнийг чадна!

Хэнд ч бүү итгэ: Хэзээ ч үйлчлэхгүй фитнесс домогууд! (фото 5)

цааш үзэх