Apple компани нэг дор гурван шинэ iPhone гаргахаар төлөвлөж байна
Илүү том дэлгэцтэй, илүү хямд
Apple компани 2018 оны эцэс гэхэд нэг дор гурван шинэ iPhone танилцуулна гэдгийг Bloomberg мэдээллэж байна. Энэхүү гурван загварын эхнийх нь одоо худалдаалагдаж байгаа iPhone X-тэй ижил хэмжээтэй байх бөгөөд одоогийн байдлаар тус загварын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа юм. Харин хоёр дах хувилбар нь зах зээл дээр худалдаалагдаж байгаа iPhone утаснуудаас илүү хямд үнэтэй байх гэнэ. Тэгвэл гурав дах загвар нь 6,5 инчийн дэлгэцтэй буюу хамгийн том iPhone (iPhone X-ийн дэлгэц 5,8 инч) болох юм.
Loup Ventures компанийн үүсгэн байгуулагч, шинжээч Жин Мюнстер "Энэ бол маш том зүйл. Дэлгэцийн хэмжээг шинэчлэх төдийд л олон тооны хүмүүс шинэ утсыг худалдан авдаг. Бид үүнийг iPhone 6 утасны жишээн дээр харсан шүү дээ. Тиймээс бид энэ удаад ч нөхцөл байдал давтагдана гэж бодож байгаа"хэмээн ярилаа.
Bloomberg компанийн үзэж буйгаар илүү том хэмжээтэй iPhone утсанд нэгэн зэрэг хоёр сим карт ашиглах магадлалтай гэнэ. Мөн энэ удаад Apple компани алтлаг өнгийн сонголтыг дахин нэвтрүүлж болзошгүй гэдгийг тэд онцоллоо (iPhone X-д алтлаг өнгийн сонголт байхгүй). Үүнээс гадна, шинээр гарах бүх загварууд iOS12 үйлдлийн системтэй байх бөгөөд Face ID үйлдэл суулгагдсан байх болно.
Одоогийн байдлаар Apple компани шинэ утаснуудыг туршиж байна.