iPhone 8 утасны худалдаанд гарах хугацаа хойшлох уу?
Apple компани уламжлал ёсоор энэ есдүгээр сард шинэ бүтээгдэхүүн танилцуулах болно. Технологийн томоохон хэвлэлүүдийн таамаглаж буйгаар тэрхүү танилцуулгын үеэр Apple 4,7 ба 5,7 инчийн LCD мөн илүү өндөр үнэтэй 5,8 инчийн OLED гэх нийт гурван төрлийн дэлгэцтэй цоо шинэ iPhone 8 гар утсыг худалдаанд гаргах магадлалтай байгаа аж. Гэхдээ 5,8 инчийн OLED дэлгэцтэй iPhone 8 утасны худалдаанд гарах хугацаа төлөвлөснөөс 1-2 сараар хойшлогдож болзошгүй гэж Forbes сэтгүүл үзэж байна. Үүгээр ч барахгүй тус сэтгүүлийн мэдэгдсэнээр iPhone 8 гар утасны OLED хувилбар эхний ээлжид зөвхөн цөөн тоогоор үйлдвэрлэгдэх болно.
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр Apple компани iPhone 8 утасны OLED дэлгэцэд хурууны хээ уншдаг мэдрэгч суулгахыг оролдсон болов ч энэхүү технологи нь тэдний хүссэнээр ажиллахгүй байгаа аж. Тиймээс Apple нүүр царай таних 3D систем бүхий илүү дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа нь ийнхүү iPhone 8 утасны худалдаанд гарах хугацааг хойшлуулж байгаа юм. Сонирхуулахад, OLED дэлгэцтэй iPhone 8 гар утас 1,000 ба түүнээс дээш долларын үнэтэй худалдаалагдана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.