Монголчууд сансарт хоёр дах удаагаа: Мазаалай хиймэл дагуул юу хийж чадах вэ?
Монголчууд анхны хиймэл дагуулаа энэ гуравдугаар сард хөөргөж, үр шимийг нь хүртэж эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Тэртээ 1981 оны гуравдугаар сард сансарт Монгол хүн анх ниссэн цагаас 36 жилийн дараа бид сансар өөд хийсэн хоёр дах чухал алхамаа хийх гэж байгаа нь энэ юм. Монгол улс хиймэл дагуултай болно гэдэг мэдээг хүмүүс анх сонсоод хоёр талдаа далавчтай томоохон сансрын биет төсөөлж байсан билээ. Гэвч Мазаалай баавгайн нэрээр нэрлэгдсэн энэхүү хиймэл дагуул нь 10х10 см буюу тун авсаархан хэмжээтэй. Бид үүнийг чамлахаас илүү чанга атгаж, ирээдүйд сансар судлалд гаргах бүх л үйл ажиллагааныхаа анхдагч "үр" болгож, жижиг хэмжээнээсээ илүү өргөн боломж гаргаж өгөхийг нь ашиглах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Энэ тухай Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх инженерийн багийн гишүүн Д.Эрдэнэбаатараас тодруулж асуулаа. Тэрбээр одоо Монгол улсын хиймэл дагуулын төсөл дээр ажиллахын зэрэгцээ Япон улсын Кюүшүгийн Технологийн Институтид хиймэл дагуулын тэжээлийн систем болон түүнд хэрэглэгдэх хагас дамжуулагч төхөөрөмжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Мазаалай хиймэл дагуулыг хөөргөх өдөр хэзээ товлогдсон байгаа вэ?
Хиймэл дагуул маань 2017 оны гуравдугаар сард хөөргөгдөхөөр төлөвлөгдсөн бөгөөд үүний дагуу ажил хэвийн явагдаж байна. Пуужин хөөргөлт нь тухайн өдрийн цаг агаар болон бусад хүчин зүйлсээс хамаардаг тул яг товлосон өдөр хараахан гараагүй байна. Манай хиймэл дагуул олон улсын сансрын станцад хүрэх каргогоор зөөгдөж тэнд очно. Улмаар тэндээсээ задгай сансарт гаргагдах болно.
Хүн төрөлхтөн анх 1957 онд Спутник хиймэл дагуулыг хөөргөж байжээ. Одоогийн байдлаар 50 орны 560 хиймэл дагуул идэвхтэй ажилладаг гэсэн тоо байна. Эдгээр хиймэл дагуулуудыг хүчин чадал, үйл ажиллагааных нь чиглэлээр хэдэн төрөлд хуваадаг вэ?
Тийм ээ, 60 жилийн өмнө анхны хиймэл дагуулыг хүн төрөлхтөн хөөргөсөн. Тэр үеийн хиймэл дагуул ердийн бөмбөгтэй л адилхан хэмжээтэй байж. Гэтэл өнөөдөр сансарт нисч байгаа хамгийн том хөлөг болох Олон Улсын Сансрын Станц хэмжээгээрээ бүтэн хөлбөмбөгийн талбайтай тэнцдэг гээд төсөөлөхөөр энэ технологи богино хугацаанд хэр зэрэг хөгжсөнийг харж болох байх л даа.
Хиймэл дагуул нь үүрэг, зориулалтаараа харилцаа холбоо ба телевизийн, зайнаас тандан судлалын, навигацийн, шинжлэх ухааны, цэргийн гэсэн ерөнхий хэдэн төрөлд хуваагддаг. Харин хөөргөж буй орбитоосоо хамаараад дэлхийн нам орбитын, дунд орбитын мөн гео орбитын гэх зэргээр хуваагддаг. Хэмжээний хувьд том, жижиг, микро, нано, куб гэж ангилагдана. Манай хиймэл дагуул бол кубсат ангилалын хэмжээтэй, шинжлэх ухаан, технологийн туршилт, хэмжилт хийх болон зураг авах даалгавартай.
Энэхүү 10 см хэмжээтэй, 1 литрийн эзэлхүүнтэй хиймэл дагуулын дотоод бүтэц нь ямар вэ?
Хиймэл дагуулын хувьд 10 см куб хэмжээ гэдэг бол маш хязгаарлагдмал юм л даа. Гэхдээ электроникийн эд ангиуд жижиг хэмжээтэй хэрнээ хүчин чадал сайтай болсон өнөө үед бид ийм хэмжээний хиймэл дагуулаар шинжлэх ухааны дорвитой үр дүн гаргаж авах бололцоотой. Хиймэл дагуулын хувьд хамгийн гол асуудал бол эрчим хүчний асуудал байдаг л даа.
Мазаалай хиймэл дагуул 400 км өндөрөөс 100 метр нарийвчлалтай зураг авах даалгавартай. Түүнд ямар камер суулгаж байгаа вэ? Зургийн чанар хэр өндөр байх вэ?
Манай хиймэл дагуул өндөр болон бага нягтралтай хоёр төрлийн камертай. Өндөр нягтралтай камер маань таван мегапикселийн хүчин чадалтай. Харах өнцгийн хэмжээнээс хамаараад 200-300 орчим километрийн урт өргөнтэй зургийг авах чадвартай байх юм. Дашрамд хэлэхэд манай багийн гишүүн Д.Амартүвшин камерын даалгаврыг хариуцан ажиллаж байгаа.
Та бусад багийн гишүүдээ танилцуулахгүй юу.
Монголын инженерийн баг гурван хүний бүрэлдэхүүнтэй. Нөгөө хоёрыгоо танилцуулахад докторын зэргээ хамгаалахаар суралцаж буй Т.Төртогтох, Д.Амартүвшин гээд хоёр залуу судлаач байгаа. Хиймэл дагуулын төсөлд зөвхөн инженерээс гадна МУИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн менежментийн баг гэж бий. Тэд маань л бидний бүх арын албыг хариуцдаг гэж хэлж болно.
Мазаалай хиймэл дагуул 437 герцийн мэдээ цацна гэсэн байна. Энэ нь ямар мэдээ дамжуулахыг хэлж байгаа вэ?
Манай хиймэл дагуулын сансраас мэдээ дамжуулах радио долгионы давтамжийг хэлж байгаа юм. Энэ нь олон улсын сонирхогчдын радио долгионы мужид багтдаг ийм зурвас юм. Мазаалай хиймэл дагуул энэ зурвасыг ашиглаж мэдээллээ дамжуулна. Мэдээлэл гэдэгт хиймэл дагуулын өөрийн цаг тутмын техникийн нөхцөл байдлыг агуулсан мэдээ, сансрын туяа, агаарын нягтын хэмжилтийн мэдээ, хиймэл дагуулын маань авсан зураг, Дижисингер гэдэг даалгаврын цацах дуу гэх мэт зүйлс орно.
Агаарын нягт, сансрын туяа тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ?
Энэ бол цэвэр шинжлэх ухааны ач холбогдолтой зүйл. Нарнаас болон сансрын гүнээс дэлхий рүү маш их хэмжээний цацраг туяа тасралтгүй ирсээр байдаг. Азаар манай дэлхий маань өөрийн гэсэн соронзон орны бүрхүүлтэй болон атмосфер давхаргатай. Эдгээрийн ачаар тэр хүчтэй цацрагууд газрын гадарга дээр бараг ирдэггүй гэж хэлж болно. Харин сансарт ажиллах тоног төхөөрөмжинд бол энэ нь маш их асуудал болдог. Нэг үгээр хэлбэл цахим төхөөрөмжүүдийг маш их гэмтээдэг. Нэг л ийм жижиг гэмтэл маш өндөр үнэтэй том хөлгийг ч ажиллагаагүй болгох магадлалтай.
Тиймээс энэ эрсдлийг маш сайн тооцоолж байж инженерүүд сансрын хөлгөө хийх хэрэгтэй болдог. Гэтэл тэрхүү цацраг туяа яг хаана, ямар хэмжээтэй ирж байгаа вэ гэдэг хэмжилтийн мэдээ тэр бүр байдаггүй. Байгаа нь тийм ч хангалттай биш. Тэгэхээр энэ хэмжилтийн мэдээллийн санг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн үг юм л даа. Харин агаарын нягтын хувьд бол 500 километрын өндрөөс доош агаарын эсэргүүцэл сансрын хөлөгт хүчтэй нөлөөлж эхэлдэг үүнээс болоод нам орбит дахь сансрын хөлгийн амьдрах нас богинохон байдаг. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд энэ даалгаврыг гүйцэтгэж байгаа.
Мазаалай хиймэл дагуулыг ямар хугацаанд бүтээж байгаа вэ?
Хиймэл дагуулын төсөл маань анх 2015 оны аравдугаар сард албан ёсоор эхэлсэн. Жил хагасын хугацаа гэдэг бол бичиг цааснаасаа эхэлсэн хиймэл дагуулын төслийн хувьд маш бага хугацаа.
Манай улсын хувьд нэн тэргүүнд энэ өргөн уудам газар нутгаа бүхэлд нь харж, хянаж, судалж байхын тулд тандан судлалын хиймэл дагуултай байх шаардлагатай.
Хүмүүс анх Монгол улс хиймэл дагуул хөөргөнө гэж сонсоод их том хэмжээтэй төхөөрөмж төсөөлж байсан. Ер нь манай улс ямар, ямар хиймэл дагуул хөөргөх шаардлагатай вэ? Үүнийг та хүчин чадал, хэмжээгээр нь тайлбарлах боломжтой юу?
Тийм ээ, хүмүүсийн төсөөлөлд хиймэл дагуул гэхээр ихэнхдээ хоёр далавчтай сансрын биет гэсэн зураглал байдаг л даа. Ер нь ч хиймэл дагуулын энэхүү уламжлалт загвар одоо ч ашиглагдсан хэвээрээ байгаа. Харин сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй жижиг хиймэл дагуулын төрөл бол энэ ойлголтоос арай жаахан өөр утга агуулгатай. Хэдийгээр харагдах байдал нь өөр ч гэсэн үндсэн функц нь хэвээрээ байгаа гэж ойлгож болно. Гол нь хэлбэр, хэмжээний өөрчлөлт гэдэг технологийн хөгжлөө дагаад бий болж буй зүйл юм.
Ер нь хиймэл дагуул хэрэглээнд тулгуурлаж бүтээгддэг зүйл. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, эсвэл хөнгөвчлөх зориулалттай гэсэн үг. Манай улсын хувьд нэн тэргүүнд энэ өргөн уудам газар нутгаа бүхэлд нь харж, хянаж, судалж байхын тулд тандан судлалын хиймэл дагуултай байх шаардлагатай. Үүний дараа бид хөрөнгө мөнгө их шаардах ч гэсэн өөрийн гэсэн харилцаа холбооны хиймэл дагуултай болох хэрэгтэй. Энэ нь цаашдаа стратегийн чухал ач холбогдолтой алхам болох юм. Харин сургалт, судалгааны зориулалттай нано ангиллын хиймэл дагуулыг бид тогтмол хөгжүүлдэг байх хэрэгтэй. Энэ бол сансрын технологийг нутагшуулах, дэлхийн хэмжээний судалгаа хийх чадвартай байхтай холбоотой асуудал юм.
Зарим хүмүүс "10 см хэмжээтэй хиймэл дагуул юу ч хийж чадахгүй" гэх сөрөг утгатай зүйлийг цахим мэдээнүүдийн дор бичсэн байна. Ийм үл итгэх хандлагад та бүхэн ямар хариулт өгөх вэ?
Хэ хэ. Юу ч хийж чадахгүй гэж хэлж болохгүй л дээ. Үнэхээр хэдэн зуун сая долларын үнэтэй том хиймэл дагуулуудтай "Мазаалай"-г харьцуулах аргагүй. Гэвч зарим талаараа тэр том хиймэл дагуулуудын хийж чаддаггүйг хийх боломжтойгоор зохион бүтээгдэж байгаа. Бие жижиг ч бэлчээр том гэдэг зүйр үгээр "Мазаалай"-г ойлгож болно. Ерөнхийдөө жижиг оврын иймэрхүү хиймэл дагуулууд шинжлэх ухааны асар их ач холбогдолтой. Үүнийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй болов уу.
Сансрын технологи бол өртөг өндөртэй технологи. Энэхүү 10 см хэмжээ бол бидэнд байгаа өнөөгийн нөхцлөөр хийж чадах хамгийн анхны, хамгийн боломжит алхам гэж бодож байна. Үүгээр дамжуулаад бид хүний нөөцөө бэлтгэх, улмаар дараа дараагийн том хиймэл дагуулуудыг бүтээх үндсэн сууриа бэлдэж авах юм. Бид өнөөдөр хэдхэн жилийн дараа жимсээ өгөх модныхоо үрийг суулгаж байна гэж ойлгож болно. Өнөөдөр суулгасан үрнээс маргааш шууд жимс хурааж авахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид тэсч байгаад "мод"-той болчихвол үр жимсийг нь үргэлж хүртэнэ. Энэ бол зөвхөн сансрын технологи дээр биш ерөнхий шинжлэх ухаан, технологид хандах манайхны хандлагад зориулж хэлж байгаа үг юм шүү.
Мазаалай хиймэл дагуулын нийт өртөг 225 мянган долларт багтсан гэсэн. Энэ өртөгийн задаргаа нь ямар байдаг вэ?
Хиймэл дагуулын маань өөрийн үндсэн өртөг нь 100 мянган доллар. Энэ бол хөөргөлтийн хөлс орсон үнэ. Үлдсэн нь Монгол Улсын Их Сургууль дээр суурилуулагдах газрын станцын өртөг. Дашрамд хэлэхэд бид хиймэл дагуулын төслийн загвар бэлдэх судалгаа хийдэг л дээ. Энэ 100 мянган доллар маш хямд үнэ бөгөөд жишээлж хэлбэл нэг хониор нэг үхэр худалдаж авахтай адил зүйл юм.
Та бүхэн "Мазаалай" хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлдэж байх явцад хүмүүст хэлж, ойлгуулмаар санагдсан зүйл юу байна вэ?
Эцэст нь хэлэхэд технологийн талаар ингэж сурвалжилж хүмүүст мэдээлэл хүргэж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ яриагаа би нэг бяцхан түүхээр өндөрлөе гэж бодлоо. Хоёр жилийн өмнө би нэгэн Египт оюутантай тааралдсан юм. Гэтэл тэр оюутан анх удаа Монгол хүн харж байгаа юм байж л дээ. Тэгээд "Би Монголчуудыг жирийн хүнээс хамаагүй илүү хүчтэй, нүсэр том биетэй хүмүүс гэж төсөөлдөг байсан. Та нар чинь жирийн л хүмүүс юм байна шүү дээ. Тэгээд яаж тийм том газар орныг эзэлж чадсан юм бэ" гэж асуусан юм. Харин би "Манай Монголчууд өөрсдөөс нь хүн хүчээр хавь илүү армиудыг ялж явсан ч зөвхөн биеийн хүчээр биш, харин оюун ухаанаараа дэлхийн талыг эзэлсэн юм аа" гэж хариулж байлаа. Би үүнд одоо ч итгэдэг. Цэрэг зэвсгээр асуудлыг шийддэг байсан цагт бид тэр л замаар амжилтанд хүрсэн ч түүний ард үргэлж шинэ технологи, шинэ мэдлэгийг авч ашиглаж байсан баримт байдаг шүү дээ.
Өнөөдөр манай Монголчуудад эрдэм мэдлэг маш их дутагдаж байна. Бид шинэ технологийг өөрийн болгож авч хэрэглэж чаддаг байсан үедээ дэлхийн талыг эзэлсэн. Харин одоо дахин хөгжиж, мандахын тулд шинэ мэдлэгийг эзэмших зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байгаа шүү дээ. Ингэхийн тулд бид шинжлэх ухаан, технологид хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай. Энэ бүхэнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг, оролцоо маш чухал. Ийм эрхэм үүргийг гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж буй та бүхэнд дахин талархлаа илэрхийлье. Мөн үргэлж сэтгэлийн дэм хайрлаж байдаг нийт Монголчууддаа баярлалаа гэж хэлье.