Хайх

Технологийн шинэ эрин үе: Apollo хүн дүрст роботтой танилцаарай

Технологийн шинэ эрин үе: Apollo хүн дүрст роботтой танилцаарай

Text: Buro.Mongolia


Технологийн дэвшилтэд эрин үед бүхий л зүйлсийг хялбарчилсан олон бүтээгдэхүүнүүд бий болж бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн. Тэгвэл Apptronik компани тэдгээрийн нэг болох “Appollo” хэмээх ажилсаг, ухаалаг роботыг танилцууллаа. 2016 онд үүсгэн байгуулагдсан Apptronik гарааны компани нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх зориулалттай, гэрийн ажил, биеийн хүч шаардсан хүнд ажлыг хийх чадвартай роботуудыг бүтээхээр зорьж байгаа юм.

Appollo робот нь 170 см өндөртэй, 72.6 кг жинтэй бүтээгджээ. Хүнд 300 гаруй булчин байдаг бол Appollo нь хүний биед байдаг булчинтай төстэй хөдөлж чадах 30 булчингийн системтэйгээр хийгджээ. Жишээлбэл толгойгоо хүн шиг хөдөлгөж эргэн тойрноо ажиглах, гарын таван хуруугаа хөдөлгөх, сууж босох, гараа урагш хойшоо болгох гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж чаддаг гэнэ.

Технологийн шинэ эрин үе: Apollo хүн дүрст роботтой танилцаарай (фото 1)

Мөн тэрээр 25 кг хүртэлх жинтэй зүйлийг өргөх, түүнийгээ нэг газраас нөгөө рүү алхаж зөөх, цэгцтэй эгнүүлэн тавих зэрэг чадамжтай ба бусад роботуудаас ялгаатай нь хүмүүстэй хамтарч ажиллаж чаддаг гэдгээрээ онцлог юм. Энэхүү робот нь тасралтгүй дөрвөн цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд сольж хийдэг нэмэлт зайтай ирдэг. Appollo-н толгой хэсэгт мэдрэхүйн камер суурилуулж өгсөн бол их бие дээрх мэдрэгчүүд нь роботод хүрээлэн буй орчныг 360 градусаар дүрсэлж, хаана хөдөлж болохыг тодорхойлоход тусалдаг ажээ. Мөн түүний системийн гол хэсэг буюу тархи нь зүрхэн тушаа газар нь байрлаж, батарейны ашиглалтын хугацаа, одоо ажиллаж байгаа ажил хэзээ дуусах, дараа нь юу хийх талаар тодорхой мэдээлэл өгдөг хэсэгтэй ба 2024 оны эцэс гэхэд бүрэн загварчлагдаж дуусах юм.

Apptronik компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Карденас “Бидний зорилго бол хүмүүст тусалж, хийхийг хүсдэггүй хэцүү ажлуудыг өмнөөс нь хийгээд өгдөг роботуудыг бүтээх билээ. Үүгээр ч зогсохгүй ирээдүйд бид Ангараг, сар зэрэг дэлхийгээс гадуурх зүйлсийг судлах олон талт роботуудыг бүтээх болно” хэмээжээ. Сонирхуулан хэлэхэд Apptronik компани нь хүн дүрст сайжруулсан роботуудыг бүтээх ажил дээр NASA-тай хамтардаг түншүүдийн нэг бөгөөд сансар огторгуйн аюултай орчинд хүмүүс бус роботуудыг илгээх төслийг хэрэгжүүлж байгаа аж. Ухаалаг роботуудыг сансрын нөхцөлд ажиллуулснаар хүмүүсийг ирэхээс нь өмнө тухайн гарагийн судлах, хүнд ээлтэй орчин бүтээх зэрэг олон давуу талтай гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх