Хайх

Аяллын шинэ сонголт: Галт тэрэгний буудал дахь зочид буудлууд

Аяллын шинэ сонголт: Галт тэрэгний буудал дахь зочид буудлууд

Хамгийн үзэсгэлэнтэй 5 зочид буудал

Text: Buro.Mongolia


Галт тэргээр аялах нь цаанаа л өвөрмөц, романтик мэдрэмж өгдөг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Галт тэрэгний тав тух мэдрүүлсэн купенээс цонхны цаана өнгөрч буй үзэмжийг харах завшаан тэр болгон олддоггүй билээ. Тэгвэл эдгээр сэтгэл татам мэдрэмжийг бүрэн дүүрэн авахын тулд орон орны жуулчид галт тэрэгний буудлуудын дэргэдэх гоёмсог архитектурын шийдэлтэй зочид буудлуудыг сонгосоор байгаа юм. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт орших хамгийн шилдэг галт тэрэгний буудлуудын зэрэгцээ байрлах зочид буудлуудтай танилцацгаая. 

Crowne Plaza Indianapolis Downtown Union Station, Индианаполис, АНУ

Энэхүү гурван давхар зочид буудал нь Индианаполис хотын Union Station гэх түүхэн галт тэрэгний буудлын барилгад оршдог билээ. Тус барилга нь анх 1888 онд “Romanesque Revival architecture” буюу архитектурын неороман чиглэлийн стильтэй баригдсан байна. Зочид буудал найман ширхэг төмөр замын дээр байрладаг бөгөөд тэдгээрээс гурав нь одоогоор ч ашиглалтад байдаг билээ. Хамгийн сонирхолтой нь зочид 1920-оод оны үеийн, Индиана мужийн өмнөд нутгаас гаралтай галт тэргэнд хонох боломжтой байна. Энэхүү зочид буудал нь жинхэнэ галт тэрэгт буудаллахыг санал болгодог цорын ганц зочид буудал юм. Мөн тус түүхэн барилгын 20 метрийн өндөртэй тааз, аварга том цонхнууд, төгс интерьерийн шийдэл зэргүүд нь зочдыг алмайруулсаар байна. Доорх зургуудаас буудлын гайхалтай интерьер, чимэглэлийн деталийг харж, нүдээ баясгаарай. 

Вебсайт

St. Louis Union Station Hotel, Сент-Луис, АНУ

St. Louis Union Station Hotel зочид буудал АНУ-ын Үндэсний түүхэн дурсгалт газруудын нэг билээ. Неороман маягийн фасад болон интерьерүүд нь түүхэн музейгээр зочилж буй мэдрэмжийг өгдөг байна. Жишээ нь өнгөт шилэн цонхтой өндөр таазыг алтаар бүрсэн нь дэлхийн томоохон музейн интерьертэй нийцсэн харагдана. 2019 онд зочид буудлын эзэмшлийн талбай дээр 60 метрийн өндөр алсыг харагч болон 13 мянган загас, далайн амьтадтай аквариум босгожээ. Аквариум нь буудлын зарим өрөөнөөс тод харагддаг тул зочид өрөөндөө өдрийг өнгөрүүлэхийг илүүд үздэг юм.

Вебсайт

Tokyo Station Hotel, Токио, Япон

Токиогийн төв галт тэрэгний буудал нь хоолны төрлөөрөө дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог билээ. Энэхүү галт тэрэгний буудал дахь зочид буудалд арав гаруй тансаг зэрэглэлийн ресторан, баар байрладаг бөгөөд дэлхийн хамгийн алдартай зоогуудаар үйлчилдэг байна. Түүнчлэн уг буудал нь Японы үндэсний халуун рашаан сувиллаараа алдаршсан билээ. Нийт 150 өрөөний сонголттой бөгөөд зарим өрөөний цонх нь галт тэрэгний буудлын маш тансаг чимэглэлтэй үүдний хэсэг рүү харсан юм. Энэхүү “сонгодог тансаглал” гэсэн уриатай зочид буудал Японы нийслэл болон хөрш зэргэлдээ хотуудыг судлахад тун тохиромжтой байрлалтай юм. Учир нь та өрөөнөөсөө гараад хэдхэн минутын дараа галт тэрэгт сууж байх болно.

Вебсайт

Fairmont The Queen Elizabeth, Монреаль, Канад

Монреалийн төв галт тэрэгний буудлын ойролцоо оршдог Fairmont The Queen Elizabeth нь Канадын Торонтогоос зүүн зүгт байрлах хамгийн том зочид буудал бөгөөд XX зууны дунд үеийн архитектурын модернизм чиглэлийн бэлгэдэл болсон барилгуудын том жишээ юм. Энэхүү зочид буудал 1958 онд нээгдсэн түүхтэй билээ. Тухайн үед Хойд Америкийн цахилгаан шат, агааржуулагчаар тоноглогдсон цөөн зочид буудлуудын нэг байсан юм. Уг буудалд Индира Ганди, Михаил Горбачев, Жимми Картер зэрэг алдартнууд бууж байжээ. Зочид буудал VIP зочдодоо барилгын доод давхраас шууд төмөр зам руу саадгүй орох боломжийг олгодог байна.

2017 онд уг 21 давхар барилгад томоохон засварын ажил хийгдэж, нийт 140 сая канад доллар зарцуулагдсан юм. Шинэчлэгдсэн зочид буудлын 950 өрөө нь илүү өргөн орон зайтай болсноос гадна тоглолт, хурлын танхим, найман хүн хүлээж авах чадалтай рашаан сувиллын газрыг бий болгосон байна.

Вебсайт

Voco Grand Central Hotel, Глазго, Шотланд

Глазго хотын төв галт тэрэгний буудлын байранд байрлах уг зочид буудал нь 1883 онд баригдсан бөгөөд түүхэн дурсгалт газар хэмээн тооцогддог. Байгуулагдсан цагаас нь хойш дотоод засал чимэглэлийн олон нарийн ширийн зүйл хэвээр үлдсэн бөгөөд үүнд буудлын төв хаалгаар орохоор байдаг гол шат, ханан дээрх сүлд тэмдгүүд, үүдний танхимын дээд давхарт байрлах бөмбөгөр хэлбэртэй баар багтжээ.

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх