Хайх

Аяллын цэг: Испани дахь хаягдсан хот

Аяллын цэг: Испани дахь хаягдсан хот

60 жилийн өмнө нэг ч оршин суугчгүй болсон Гранадилла хотын тухай

Text: Buro.Mongolia


Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын алдартай цэгүүдээс илүүтэйгээр тэр бүр хүмүүсийн зорьж очоод байдаггүй, шинэлэг, сэтгэл догдлом, сонирхолтой газруудыг зорин очдог, адал явдалд дуртай аялагчдын тоо улам нэмэгдсээр. Тэрхүү үргэлж шинэ, содон зүйлсэд дурладаг аялагчдадаа зориулан энэ удаад нэгэн сонирхолтой аяллын цэгийг танилцуулж байна.

Дундад зууны үед муслимчуудын үүсгэн байгуулж байсан Гранадилла гэх жижиг тосгон Испани улсад бий. 1960-аад онд бүх оршин суугчдыг албадан хөөж гаргах хүртэл тус тосгонд 1,000 гаруй оршин суугч амар тайван амьдардаг байсан аж. Тухайн үед Испани улс Франциско Франкогийн дарангуйлалд байсан бөгөөд эдийн засгаа хөгжүүлэх арга замын нэг болгон улс орон даяар олон тооны далан барьж, ус хуримтлуулах хөв /хиймэл нуур/ байгуулах төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд хэрэгжсэн томоохон ажлуудын нэг нь Гранадилла тосгонд бий болгосон Габриэль и Галан хиймэл нуур. Гэтэл 1955 онд тус улсын засгийн газраас далангийн усны хэмжээ хэт ихсэж, тосгон бүхэлдээ живэх аюултай гэж үзэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан байдаг. Ингээд 1959-1969 он хүртэлх 10 жилийн хугацаанд оршин суугчдыг албадан гаргаж, дийлэнхийг нь тосгоны ойролцоох колоничлолын суурин руу нүүлгэн шилжүүлсэн юм. 1963 онд үнэхээр усны түвшин нэмэгдэж, тосгон руу ордог олон замыг үгүй хийсэн хэдий ч тосгон хангалттай өндөрт оршдог учраас ямар нэгэн ноцтой асуудал үүссэнгүй. Гэсэн ч оршин суугчдыг эргэн ирэхийг хатуу хориглосон билээ.

Өнөөдөр Гранадиллад нэг ч хүн амьдардаггүй бөгөөд 1980 онд түүхийн дурсгалт газар гэж нэрлэн, задгай музей хэлбэрээр ашиглаж эхэлжээ. Аялагчид 1,200 жилийн түүхтэй тосгоноор бүтэн өдөржин аялж болох ч хонох хориотой ба зарим хүмүүсийн дунд сүнсний хот гэж ч яригддаг байна. Засгийн газар одоог хүртэл Франкогийн гарын үсэг бүхий үерийн тухай тогтоолыг хэвээр мөрдөж байгаа тул тосгоны оршин суугчдад өөрсдийн өмчийг эргүүлэн авахыг зөвшөөрдөггүй хэвээр.

Тухайн үеийн Гранадилла хотын оршин суугч асан Эугенио Хименез энэ үйл явдал хүмүүсийг ямар их цочирдуулж байсан талаар хэлэхдээ “Далан хотыг усанд автуулна гэж үзэж биднийг хотоос хөөж байсан, гэвч тосгон нь далангаасаа хамаагүй өндөр байсан учраас энэ анхнаасаа л боломжгүй зүйл байсан. Тухайн үе Францискогийн дарангуйллын үе байсан учраас бидэнд үг хэлэх эрх байгаагүй. Харин ардчилал гараад бид Гранадиллаг сэргээхийн төлөө тэмцсэн ч засгийн газар биднийг огт сонсоогүй” гэсэн бол Пурификасион Хименез “Тосгоноос ямар нэгэн айл гарах бүрд оршин суугчид бүгд үүдэндээ цугларч салах ёс гүйцэтгэн, уйлцгаадаг байсныг одоо ч сайн санаж байна” гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх