Хайх

Далайн эрэгт амралтаа өнгөрүүлэх гайхалтай газрууд

Далайн эрэгт амралтаа өнгөрүүлэх гайхалтай газрууд

Хүйтнээс дайжих нь

Text: Б.Амина


Улаанбаатарт ид хүйтний үе эхэлсэн энэ үед нарлаг далайн эрэгт амрах хүсэл хүн бүхэнд төрж байгаа биз ээ. Та хэрвээ халуун нар, зөөлөн элс, сэвшээ салхи, сэрүүн ундааны зүг тэмүүлж байгаа бол энэ гурван газрыг анхааралдаа аваарай

Туулын мөс, уулын жавар хоёр нэгдээд таныг халуун орон руу аялахыг ятгаад байна уу. Тийм бол Бали арал, Сен-Бартс болон Пукетын далайн эрэгт байрлах тансаг зэрэглэлийн амралтын газруудыг ямар болохыг хамтдаа сонирхоцгооё. Шинэ аялалаа шинэ замаар өрнүүлэх бүр ч илүү зугаатай байх биз ээ.

Сен-Бартс: Cheval Blanc St-Barth Isle De France

1991 онд нээгдсэн Hotel Saint-Barth Isle de France зочид буудлыг LVMH хэдэн жилийн өмнө худалдан авсан билээ. Тэд дор нь засч, шинэчлэх ажилдаа орсон бөгөөд мэдээж тансаг болгох нь тодорхой. Үүндээ Их Британийн алдарт дизайнер Би Осборныг татан оролцуулж, интерьер дизайныг нь хийлгэсэн ба Cheval Blanc St-Barth Isle De France нэртэйгээр дахин үүдээ нээсэн юм. Энэхүү буудал Сен-Бартельми арлын хамгийн тансаг ресторан Case de l'Isle-ийг өөртөө нэгтгэсэн гэдэг нь бүр ч том давуу тал нь юм. Мөн арлын далайн эрэг дээр зүгээр нэг нарлах биш алдарт Guerlain брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг спа төв нь танд диваажинд амьдарч байгааг тань улам бүр мэдрүүлнэ. 

Cheval Blanc St-Barth Isle de France зочиддоо санал болгож буй нэг өдрийн аяллын хөтөлбөрт 21 метрийн өндөр дарвуулт онгоцоор задгай тэнгист аялах, далайн гаралтай үдийн зоог барих, Guerlain спа үйлчилгээ гээд бүгдийг багтаасан байгаа.

Пукет: Kata Rocks Luxury Resort

Энэхүү амралтын газар далай руу харсан орчинтой, хамгийн сүүлийн үеийн интерьер дизайнтай 34 скай вилла, усан сан, баар, спа төвөөс бүрдэнэ. Энэ амралтын газрын ресторан болон баар нь далайн эрэгт байрладаг бөгөөд тэнгисийн үзэмж гайхалтай сайхан харагдана. Зочиддоо тэд далайн гаралтай хоол болон Тайланд, Европ хоолоор үйлчилнэ. Kata Rocks амралтын газрын спа төв байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнээр үйлчлэх ба мөн Тай массажны үйлчилгээ мэдээж энд бий. Эндэхийн спа төв 2015 оны Олон улсын өндөр зэрэглэлийн бутик спа шагналыг хүртсэнээс харвал тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх нь гарцаагүй биз ээ.

Бали: Bvlgari Hotels & Resorts

Энэхүү амралтын газар вилла, цэцэрлэгт хүрээлэн, усан сан, фитнесс, спа төв болон ресторан зэргээс бүрдэх ба цөмийг нь Итали болон Дорнын хэв маягийг хослуулсан интерьертэй бүтээжээ. Bvlgari Resorts-ын нэрийн хуудас болсон Il Ristorante зоогийн газар нь уламжлалт Итали хоол, дарс болон коктейлоор үйлчилнэ. Зочдын алжаалыг тайлах спа төв нь ургамлын гаралтай тос, халуун чулуу зэргээр стрессээс ангижруулах массаж хийдэг. Задгай тэнгэрийн доор байрлах терраст тухалж, далай тэнгис, Балигийн нар мандах болон жаргах мөчийг тольдож байна гээд та төсөөлөөд үзээрэй. Bvlgari Hotels & Resorts-д байх бас нэгэн онцгой зүйл бол усан дээр батлах хуримын үйлчилгээ. Энэтхэгийн далайн хязгааргүй орон зай цэлийх цэлмэг, тунгалаг орчинд яг л усны мандал дээр алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хуримын ёслолд зориулан зассан тусгай хэсэгт та амьдралынхаа мартагдашгүй мөчөө өнгөрүүлж ч болох юм.

 

цааш үзэх