Флоренцоос эхлээд Сөүл хүртэл: Gucci брэндийн санал болгож буй аяллын 6 цэг
Gucci Places
Италийн Gucci загварын ордон "гайхшруулж, сонирхол татаж, уран бүтээлийн урам зориг өгөх" дэлхийн аяллын цэгүүдийг танилцуулдаг Gucci Places цувралын 2019 оны жагсаалтаа дэлгэлээ.
Дэппер Дэнийн студи, Нью-Йорк
Өнгөрсөн жил Gucci брэнд дизайнер Дэппер Дэнтэй хамтран капсул цуглуулга танилцуулсан билээ. Тэд мөн дизайнерын Нью-Йорк дахь урланг шинэчилсэн юм. Үүний үр дүнд арьсан буйдан, хамба хилэн хөшиг, Gucci брэндийн логотой ханын цаас болон бусад олон сонирхолтой эд зүйлсээс бүрдсэн гоёмсог интерьер бий болжээ.
The Hollywood Forever оршуулгын газар, Лос-Анжелес
Жүди Гарленд, Сесиль Б.Демилль, Жон Хьюстон зэрэг Холливүүдийн домогт уран бүтээлчдийн мөнх нойрсож буй "The Hollywood Forever" оршуулгын газар Gucci загварын ордны бүтээлч захирал Алессандро Микелед маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Энэхүү оршуулгын газар нь түүнийг гайхшруулаад зогсохгүй тус брэндийн хавар-зун 2017 цуглуулгад багтсан хэд, хэдэн загварыг урлах урам зоригийг дизайнерт өгчээ.
Gucci Garden, Флоренц
Palazzo della Mercanzia нэртэй XIV зууны түүхэн дурсгалт барилгад орших Gucci Garden-д бутик, үзэсгэлэнгийн талбай, номын дэлгүүр, Мишлений одтой ресторан бий. Эндээс хүмүүс бүтээлч санаа, гоо зүйн мэдрэмж, урлагийн онгод гээд бүгдийг нь олж болно.
Boboli Gardens, Флоренц
Боболи нэртэй уг цэцэрлэгт хүрээлэн нь мөн л Флоренц хотод байрладаг. Энд XVI-XVIII зууны үеийн уран баримлууд, Ромын сонгодог хөшөөнүүд, цөөрөм, усан оргилуур, төрөл бүрийн цэцэг гээд урам зориг авч, эрч хүчээр цэнэглэгдэхэд шаардлагатай бүхий л зүйлс бий.
Antica Libreria Cascianelli, Ром
Ром хотыг зорих гэж байгаа хүмүүст зориулаад XIX зууны эртний номын дэлгүүрээр шагайж үзэхийг Gucci зөвлөж байна. Номын хорхойтнуудын диваажин болсон энэхүү дэлгүүрт Gucci брэндийн pre-fall 2017 цуглуулгын каталогийн зураг авалтыг хийж байсан юм.
Daelim музей, Сөүл
Сөүл хотод байрладаг энэхүү гэрэл зургийн музей нь контемпорари болон модерн уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэдэг байгаа. Одоогоор тус музейд Gucci загварын ордонтой хамтран ажиллаж байсан Испанийн уран бүтээлч Coco Capitán-ы соло үзэсгэлэн дэлгэгдэж байна.