Яг одоо эрчүүдийн дунд эрэлттэй байгаа үс засалтын 6 чиг хандлага
Эрчүүдийн гадаад төрхийг тодотгож өгдөг гол зүйлсийн нэг бол мэдээж үс засалт. Саяхныг хүртэл жигд бус хэмтэй чёлк, цайруулалттай богино үс, дээрээс нь уусган тайрсан mullet засалт эрчүүдийн дунд хамгийн эрэлттэйд тооцогдож байсан бол яг одоо шатлалттай shag тайралт, Өмнөд Солонгос улсын жүжигчдийг санагдуулам хөвсгөр, долгионтой үс, хэзээ ч моодноос гардаггүй ташуу хагалалттай үс засалтууд эрчээ авч эхэллээ.
Ингээд бидний зүгээс 2024 онд чиг хандлага болох үс засалтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Энгийн, цэмцгэр атлаа гадаад төрхийг тэр чигт нь өөрчилж чаддаг үс засалтуудын нэг бол buzz cut засалт. Энэхүү засалт нь ул тавьж, нимгэн үс үлдээснээр үүсдэг бөгөөд нэмэлтээр өнцөг үүсгэж, хэлбэр гаргаж өгвөл илүү загварлаг, дэгжин харагддаг. Мөн жүжигчин Майкл Б. Жордан, Ченнинг Татум, дуучин Зейн Малик зэрэг алдартнууд тус үс засалтаар хэв маягаа бүрдүүлэх дуртай байдаг билээ.
1990-ээд оноос хойш эрчээ алдаагүй тэгш хагалалттай үс засалт эрчүүдийн дунд тренд хэвээр байх бололтой. Тухайн үед энэхүү үс засалтыг Брэд Питт, Леонардо Ди Каприо тэргүүтэй жүжигчид алдартай болгож байсан бол саяхан жүжигчин Брэдли Купер Оскарын шагнал гардуулах ёслол дээр тус үс засалтыг хэрэгжүүлснээр эргэн тренд болж эхэлсэн байна. Мөн тэгш хагалалттай загвар нь хэт богино биш дундаж урттай үсэнд илүү тохиромжтой харагддаг гэдгийг анхаараарай.
Өмнөд Солонгос улсын алдартнуудын дунд эрэлттэй байдаг хөвсгөр, долгионтой үс энэ жилийн гол трендүүдийн нэгээр тодорчээ. Энэхүү засалтыг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн салонд хими хийлгүүлж болох ч гэрийн нөхцөлд индүү, бигуди ашиглан үүсгэх боломжтой гэдгээрээ онцлог. Хэрэв та гэртээ тус загварыг хэрэгжүүлэхээр шийдсэн бол эхлээд үсээ сэнсээр хөвсийлгөж өгөөрэй. Үүний дараа индүү болон бигуди ашиглан хэт буржгар биш хөнгөхөн долгион үүсгэхэд л сэтгэл татам үс засалт бий болно.
Бүх насны эрчүүдэд гайхалтай сайхан зохидог ташуу хагалалттай үс засалт нь 1940 оноос хойш ихэнх эрчүүдийн өдөр тутмын сонголт болсоор ирсэн билээ. Ташуу хагалсан үс засалтын гол үндэс нь үсээ хэрхэн зөв хуваахаас шалтгаалдаг тул юун түрүүнд үсээ аль чиглэл рүү хагалбал илүү зохимжтой харагдаж байна гэдгийг тодорхойлоорой. Мөн энэхүү үс засалтыг хэрэгжүүлэхэд танд нарийн ширхэгтэй сам болон хэлбэржүүлэгч мусс, эсвэл тосон вакс хэрэгтэй гэдгийг мартуузай.
Louis Vuitton, Alexander McQueen зэрэг загварын орднуудын хавар-зун 2024 улирлын шоунаас харахад шатлалттай shag тайралт эрэгтэй моделиудын дунд давамгайлж байлаа. Энэхүү тайралт нь ямар ч царайны төрх, толгойн хэлбэрт тохирдог бөгөөд бага зэрэг хайхрамжгүй атлаа сэтгэл булаам мэдрэмжийг өгдөг гэдгээрээ эрчүүдийн дунд алдартай.
Хэрэв та хичээгээгүй хэр нь гоёмсог харагдахыг хүсвэл энэхүү үс засалтыг хэрэгжүүлээд үзээрэй. Сүйт залуучуудын дунд эрэлттэй байдаг pompadour хэмээх засалт нь ар, хажуу хэсгүүд богино, толгойн орой хэсэг илүү урт үстэй байснаар үүсдэг. Харин загварчлахдаа оройн хэсгийн үсээ хэт барьцалдсан биш, бага зэрэг замбараагүй маягаар босгож өгвөл илүү дэгжин харагддаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт