“Yourself” бүтээлч ажил
Монголын Мэргэжлийн Хумс Урлал, Гоо Сайхны Нэгдсэн Холбооноос “2023 оны шилдэг үсний стилист” шагналыг хүртсэн Gold Treatment Hair Salon-ы үүсгэн байгуулагч, мэргэжлийн үсний стилист И.Батзаяа өнгөрсөн жилүүдэд “Oneself”, “Inner self” нэртэй үс засалтын ертөнц дэх гол трендүүдийг харуулсан бүтээлч ажлуудаа танилцуулж байсан билээ. Харин энэ удаа тэрээр 1990-ээд оны гоо сайхны чиг хандлагыг тодотгож өгсөн “Yourself” нэртэй бүтээлч ажлаа бидэнтэй хуваалцаж байна.
1990-ээд оны залуусын дунд цоглог, эрч хүч ханхалсан гранж болон донжийг нь тааруулчихсан гэмээр хээнцэр, минимал хэв маяг түлхүү зонхилдог байсан. Тэгвэл яг л энэхүү дүр төрхийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан "Yourself" бүтээлч ажлаараа онцлон харуулжээ. Тэр дундаа эрчүүдийн хувьд одоо ч сонгодогт тооцогддог мөр шүргэх төдий, жигд бус хэмтэй дур булаам мэдрэмж өгөх тайралт болон дэгжин эмэгтэйн хэв маягийн гол төлөөлөл болсон ташуу хагалсан том долгионтой, дугуй ороолттой засалт багтсан нь 1990-ээд оны гоо зүй ахин моданд орсныг илэрхийллээ.
Энэхүү бүтээлч ажлын зургийг Lumos студийн гэрэл зурагчин Г.Анударь, нүүр будалтыг Salt Studio-н О.Дөлгөөн, маникюрыг Mei Nail Salon, аксесуарыг Diamond House хариуцан ажилласан бол моделиудаар Б.Будсүрэн, Ө.Дорждэрэм нар сонгогджээ. Харин үс засалтыг И.Батзаяа тэргүүтэй Gold салоны мэргэжилтнүүд гардан гүйцэтгэсэн байна.
Ийнхүү таныг 1990-ээд оны гоо зүйгээр аялуулах "Yourself" бүтээлч ажлыг хамтдаа харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт