Харааны шил зүүсэн үед нүүрээ хэрхэн будах вэ?: Заавал анхаарах ёстой 5 зүйл

Харааны шил зүүхэд шил цантах, хүрээнд нь крем наалдах, шилэнд нь сормуусны будгийн мөр үлдэх гэх мэт олон асуудлууд тулгардаг. Түүнчлэн цаг гарган, өмнөхөөсөө илүү хичээж нүүрээ будсан ч шил зүүсний дараа энгийн будалт шиг харагдах мөчүүд цөөнгүй бий. Хэрвээ танд ч мөн дээрх асуудлууд тохиолддог бол анхаарлаа хандуулаарай. Бидний зүгээс нүүрээ будахдаа заавал чухалчлах ёстой таван зүйлийг хуваалцаж байна.

@cheriemadeleine
@nikkkkes
@bellahadid
@maddiedemaine

Нүүр будалтын өмнөх арьс арчилгаандаа анхаарах

Шил удаан хугацааны турш зүүхэд хамрын гол хэсгийн будаг арилж, хацар, хамар хэсэгт шилний ором орсон харагддаг. Энэ үед дээрээс нь нэмж будах, өө дарагч ашиглах нь хамгийн буруу алхам бөгөөд энэ нь будалтыг бөөгнөрүүлж, арьсанд хүнд мэдрэмж төрүүлэх болно. Үүний оронд нүүр будалтаа хийхээсээ өмнө арьсаа сайтар чийгшүүлж, дараа нь арьсны онцлогтоо тохирсон праймер, будаг түгжигч мист зэргийг ашиглан сууриа бэлдэж өгөөрэй. Ингэснээр будалт өдрийн турш тогтоцтой байхаас гадна эрүүл, өнгөлөг дүр төрхийг бүрдүүлэхэд тань тусална.


Сормуусаа зөв дарааллаар будах

Харааны шил зүүсэн үед нүд тодорхой хэмжээнд жижиг, аль эсвэл том харагддаг. Тиймээс нүдээ илүү тодотгож өгөхийн тулд сормуусаа зөв дарааллаар будах хэрэгтэй. Эхлээд сормуусаа дэрвийлгэн, дараагаар нь сормуусны хэв баригч буюу "mascara fixer"-ийг хэрэглээрэй. Уг бүтээгдэхүүн нь сормуусыг өдрийн турш дэрвэгэр байлгахын сацуу сормуусны будаг урсах, шилэнд наалдах зэргээс давхар хамгаалж өгөх үүрэгтэй. Дараа нь уртасгагчтай, өтгөрүүлэгчтэй гэх мэт өөрийнхөө сонирхолд таарсан сормуусны будгийг хэрэглэхэд л хангалттай бөгөөд доод сормуусаа ч гэсэн будахаа мартуузай. 


Хөмсгөө хэт тодруулахаас зайлсхий

Дипика Падуконе, Приянка Чопра зэрэг алдартнуудтай ажилладаг чадварлаг мейкап артист Даниел Бауэрийн зөвлөж буйгаар "Харааны шил зүүх үед шилний дээд хүрээ яг хөмсөгний харалдаа байрлаж таардаг. Тиймээс хөмсгөндөө хэт их ач холбогдол өгч, тод будах гэсний хэрэггүй. Гэхдээ энэ нь хөмсгөө огт будахгүй бай гэсэн үг биш юм шүү. Оронд нь хөмсөг босгогч зориулалтын гелийг ашиглан, хэлбэрт оруулж самнаарай. Хэрвээ бага зэрэг өнгө нэмэхийг хүсвэл үснийхээ өнгөтэй ижил өнгийн харандаагаар хөмсгөө үл ялиг тодруулж зурахад л хангалттай" хэмээжээ.


Өө дарагч ашиглаж хэвших

Шил зүүсэн үед зовхины эргэн тойронд үүссэн хөх туяа болон хаван илүү тодорч харагддаг. Тиймээс нүүр будалтаа хийхдээ өө дарагчийг тогтмол хэрэглэж хэвшээрэй. Ингэснээр царайны өнгө жигдэрч, эрүүл, гэрэлтсэн харагдахын зэрэгцээ нүдний будалт илүү тодорч өгдөг байна. Мөн арьсаа сайтар чийгшүүлж, нэмэлтээр зовхины тос хэрэглэснийхээ дараагаар өө дарагчийг түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. 


Нүүрний хэлбэртээ таарсан шил сонгох

Дүр төрхөө бүрдүүлэхэд нүүр будалт чухал үүрэг гүйцэтгэх хэдий ч та өөрийн царайныхаа хэлбэрт тохирсон нүдний шилийг сонгох нь хамгийн чухал алхам юм. Нүүрний хэлбэрийг ерөнхийд нь дугуй, зууван, дөрвөлжин, зүрхэн, гурвалжин хэмээн тав ангилдаг. Жишээлбэл дугуй царайны төрхтэй хүнд дөрвөлжин, хурц өнцөгтэй шил илүү зохидог бол дөрвөлжин нүүрний хэлбэртэй хүнд дугуй, зууван хэлбэрийн шил тохирдог байна. Тиймээс юун түрүүнд царайны хэлбэрээ тодорхойлон өөрийн онцлогт таарсан шилийг сонгохыг зөвлөе. 

Нүүрний хэлбэрийн 5 ангилал: Зууван, дугуй, дөрвөлжин, гурвалжин болон зүрхэн

Buro.Mongolia

2024-11-08, 10:04