Яг одоо готик хэв маяг ноёрхож байна
Драматик бараан, готик өнгө аястай будалтууд туршиж үзэх цаг ирлээ
Сүүлийн хоёр жил гоо сайхны салбарт пастель өнгийн нүдний будалт, гялтганасан эффекттэй уруул, ягаан хацар өнгөлөгч, нүүр бүхэлд нь бүрхэх гялалзсан саа гээд 2000-аад онд дэлгэрсэн трендүүд маш эрэлттэй байлаа. Үүний зэрэгцээ мэргэжлийн мейкап артистууд, алдартнууд болон бьюти блогерууд арьсныхаа эрүүл байдалд илүү анхаарч, natural харагдах будалтуудыг ч мөн дэлгэрүүлсэн юм. Тэгвэл уг чиг хандлагыг хэрэгжүүлэн арьсаа тууштай арчилж, дийлэнх арьсны асуудлаа шийдэж чадсан бүсгүйчүүдийн анхаарлын төвд яг одоо готик будалт ороод байна.
Намар-өвөл болон хавар-зун 2023 улирлын загварын шоунуудад нүүр хувиргагчид түлхүү драматик бараан, готик өнгө аястай будалтууд хэрэгжүүлсэн билээ. Тэд нүдийг бүхэлд нь тойруулан будсан өргөн хар контур, хөмсгийг цайруулж, оронд нь маш нарийхан хэлбэртэй хөмсөг, харандаа ашиглан томруулсан уруул, хацрын ясыг хурцалсан контуринг зэрэг техникүүд толилуулсан юм. Эдгээр техникүүдийг мөн саяхнаас загвар болон бьюти блогерууд туршиж, багагүй хандалт авсаар байна.
Мейкап артистуудын хуваалцаж буйгаар энэхүү готик будалтын давлагаа нь 2000-аад оны Анжелина Жолигийн төрхөөс үүдэлтэй гэнэ. Түүний америкийн Elle сэтгүүлийн нүүрэнд зориулж бүрдүүлсэн хурц шийдэмгий харц, үнсэн хар үстэй рок одыг санагдуулам төрх, мөн 2000 оны Оскарын наадмын улаан хивсний ёслолын хар total look бидний ой санаанаас арчигдаагүй л байна. Тиймээс сүүлийн үед сошиал ертөнцөд эрэлттэй байсан “clean girl”, “glass skin” хэв маягуудаас уйдаж байгаа бол нууцлаг, хүчирхэг, зоригтой гэх үгсээр тодорхойлогдох готик урсгалыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт