Косметикийн хөргөгч: Худалдаж авах 5 шалтгаан болон дотор нь хадгалах 7 бүтээгдэхүүн

Тренд болоод буй бьюти-гаджет

Сүүлийн жилүүдэд косметикийн хөргөгч гэх нэгэн бьюти-гаджет олны ярианы сэдэв болоод байна. Үнэхээр хэрэгтэй юу? Ямрыг худалдаж авах вэ? Ямар бүтээгдэхүүнүүдийг хөргөгчид хадгалах вэ? Эдгээр асуултуудын хариултыг бид өгч байна.

Косметикийн хөргөгч юунд шаардлагатай вэ? Худалдаж авах үндсэн шалтгаанууд:

  • Юуны өмнө энэ гаджет нь гоо зүйн хувьд харахад их гоёмсог. Интерьерийн нэгэн чимэг болдог.
  • Хөргөгчид арьсыг хурдан хугацаанд сэргээн, "амилуулах" SOS бүтээгдэхүүнүүдийг хадгалж болно. Жишээ нь өглөө сэрээд нүүрний хаван болон нүдний доорх уутанцрыг багасгахад туслах хүйтэн маскийг хөргөгчид хадгалахад тохиромжтой.
  • Хэрвээ та өөрөө косметикийн бүтээгдэхүүн хольж, найруулж хэрэглэдэг бол хадгалах хугацаа нь бага байх нь тодорхой бөгөөд хөргөгчид хадгалах шаардлагатай болно.
  • Аялалд гарахдаа хоолны хөргөгч болгон ашиглаж дотор нь сэндвич, тараг, смүүзи зэргийг хийж болно.
  • Насанд хүрэгсдийг ч тэр өсвөр насныхныг ч тэр баярлуулах төгс бэлэг болдог.

Хөргөгчид хадгалах гоо сайхны бүтээгдэхүүнүүд:

Энэ дашрамд анхааруулж хэлэхэд, хэрвээ та розацеа болон купероз зэрэг арьсны асуудалтай тулгардаг эмзэг арьстай нэгэн бол арьсандаа хүйтэн бүтээгдэхүүн хүргэхээсээ өмнө судалгаа хийн зөвлөгөө аваарай.

  • Зовхины наалт. Хэрвээ шөнө их хэмжээний ус уусан, эсвэл үдэшлэг дээр оройтсон бол өглөө бага зэрэг хавагнасан нүдний доорх уутанцартай сэрэх өндөр магадлалтай. Ийм үед хэрэглэхээс өмнө дор хаяж 15-20 минут хөргөгчид байсан нүдний наалт тус болно.
  • Зовхины тос. Найрлагадаа кофеин эсвэл эсцин агуулсан хавагналтын эсрэг нүдний тоснуудыг хүйтэн хэлбэрээр хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Ийм тосоо тогтмол хөргөгчид хадгалах шаардлагагүй бөгөөд 20-30 минут байлгахад л хангалттай байдаг.
  • Нүүрний маск. Хөргөгчид хагас цаг байлгачихсан байхад л чийгшүүлэхээс гадна арьсыг сэргээж, хаван буулгах үйлчилгээ давхар үзүүлэх болно.
  • Тоник. Мөсөөр арьсаа арчихын оронд (арьсыг цочроох магадлалтай) тоник болон лосьоноо хөргөгчид бага зэрэг хөлдөөгөөрэй.
  • Чийгшүүлэгч мист болон төрөл бүрийн зориулалтын арьсны уснууд. Халуун байшин дотор эсвэл зуны улиралд нүүр лүүгээ хүйтэн мист цацах нь хамгийн тааламжтай төдийгүй арьсыг сэргээж өгөх зүйл болдог.
  • Гэрийн нөхцөлд найруулсан гоо сайхны бүтээгдэхүүн. Төрөл бүрийн ногоо, жимс, тос зэргээр хийсэн нүүрний маскуудыг хамгийн удаандаа хоёр хоног л хадгалж болдог ба хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай байдаг.
  • Нүүрний массаж хийдэг гаджетууд. Роллер, гуаша зэргийг хөргөгчид хагас цаг байлгасны дараа хэрэглэвэл илүү тааламжтай бөгөөд үр дүнтэй байна.

Buro.Mongolia

2020-12-18, 12:38

  • Зураг: