Намар-өвөл 2022 улирлын хамгийн чухал бьюти трендүүд

Гоо сайхны салбарт давамгайлах 7 чиг хандлага

Энэ оны хүйтний улирлын хувьд өнгөлөг, зоригтой, үл ялиг этгээд шийдэл бүхий будалтууд болон үс засалтууд давамгайлах төлөвтэй байна. Түүнчлэн хэзээ ч моданаас гарахгүй тод улаан уруул, чёлка зэрэг нь мөн мейкап артистуудын хамгийн дурлаж буй трендүүдийн нэгээр тодорчээ. 

Цайруулсан хөмсөг

Хоёр жилийн өмнө гоо сайхны салбарт давамгайлж байсан цайруулсан цагаан хөмсөгний тренд эргэн ирлээ! Хөмсгийг цайруулсан үед нүүр бүхэлдээ өөр болж харагддаг бөгөөд хүмүүсийн анхаарал шууд л нүд болон уруул руу шилждэг. Тиймээс цайруулсан хөмсөгтэй үед нүдээ тодоор будсанаар таны төрх этгээд, cool харагдах төдийгүй ер нь л бүх төрлийн будалтууд илүү сонирхолтой болдог юм. Versace-ийн намар-өвөл улирлын шоун дээр алхсан моделиуд цайруулсан хөмсөгний техникийг смоки нүдний будалттай хослуулсан бол Burberry илүү natural будалт хийсэн байлаа. Харин Richard Quinn брэнд гэрэлтсэн, эрүүл арьсны эффекттэй будалт хийж, цэцэгстэй үсний аксесуар ашигласан юм.

Металлик нүд

Гял цал, хээнцэр хэв маяг бүрдүүлэх металлик гялалзсан тень, тугалган цаас, саа зэргийг ашигласан нүдний будалтууд Gucci, Ambush, Dior, Vaquera брэндүүдэд ажиглагдлаа. Ингэхдээ мейкап артистууд нүдний дотоод булан, доод зовхин дээр тень түрхэж, зузаан, хөмсөг хүрсэн өргөн контур мэт будалтууд танилцуулсан юм.

Хар болон өнгөлөг график контурын хослол

Сүүлийн үед график дүрслэл бүхий нүдний контур загварын шоунууд, Instagram, TikTok гээд хаа сайгүй харагдах болсон. Тэгвэл ирэх улиралд мэргэжлийн нүүр хувиргагчид нэг өнгөөр дамнасан график контур биш, харин илүү бүтээлч байдлаар будалт хийхийг санал болгож байна. Emporio Armani ордон тод ягаан тень болон гялалзсан саатай, өргөн хар контур зурж, Холливүүдийн хамгийн нэр хүндтэй мейкап артистуудын нэг болох Дэвид Веласкес алдартнуудад зориулж хар график дүрсийг төрөл бүрийн өнгөнүүдтэй хослуулан будсан юм.

Тод өнгийн уруул

Намар-өвөл 2022 улирлын шоунууд дээр тод, улаан өнгийн уруул хамгийн эрэлттэй байсан гэхэд хилсдэхгүй. Tory Burch болон Erdem брэндүүд матт улаан уруулыг онцолсон бол Marni, Miu Miu брэндүүд гялтганасан эффекттэй атлаа час хийсэн улаан будалтыг санал болголоо.

Усанд норсон мэт эффекттэй үс засалт

Загварын шоуны тайзыг усанд норсон мэт харагдах үсний засалтгүйгээр төсөөлөхийн аргагүй болоод байна. Энэхүү чиг хандлага нь мөн алдартнуудын дунд эрчээ авч байгаа бөгөөд тэд улаан хивсний ёслол, сэтгүүлийн зураг авалтад зориулан үсэндээ нойтон эффект оруулсаар байгаа юм. Намар-өвөл 2022 улирлын хүрээнд Giambattista Valli, Fendi, Altuzarra, Peter Do брэндүүд тус трендийг хэрэгжүүлж, усанд норсон төрх бидэнтэй удаан байх болно гэдгийг харуулсан билээ.

Чёлка

Чёлка моданаас гарах болоогүй л бололтой. Missoni брэнд буржгар хөшгөн чёлка тайралт хийж, MM6 Maison Margiela болон Loewe илүү өтгөн, богино чёлкаг харуулсан юм.

Хувцасны өнгө дагуу өнгөлөг маникюр

Тайзнаа алхдаг моделиудын маникюр олны анхаарлыг төдийлөн татдаггүй. Гэвч намар-өвөл 2022 улирлын загварын шоунууд дээр зонхилсон маникюрын санаанууд бьюти редакторуудын гол ярианы сэдэв болсон билээ. Загварын орднууд минимал, natural харагдах маникюраас татгалзаж, өмссөн хувцасны өнгө болон хээг санагдуулах өнгөлөг, төрөл бүрийн дизайнтай будалтуудыг харуулсан юм. Маникюрын санаа авахыг хүсвэл Christian Siriano-ийн цэнхэр будалт, Off-White-ийн онцолсон неон будалт, эсвэл нүдний будалттай зохицох маникюр хийсэн Kim Shui брэндээс санаа аваарай.

Buro.Mongolia

2022-08-23, 15:44