Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
95 уран бүтээлчийн
Жил бүр уламжлал болон зохиогддог Оны шилдэг бүтээл үзэсгэлэнд дэлгэгдсэн 102 бүтээлийг та бүхэнд танилцуулж байна
Дүрслэх урлагийн салбарт хамгийн олон уран бүтээлчийг нэгтгэсэн Монголын Урчуудын Эвлэлийн хороо "Оны шилдэг бүтээл" тодруулах үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд нийт 95 бүтээлчийн 102 бүтээл дэлгэгдсэн байна. Эдгээр бүтээлүүдээс Оны шилдэг уран зураг, монгол зураг, баримал, чимэглэх урлагийн бүтээл гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг бүтээл шалгаруулах юм. Шилдэг бүтээлийг арванхоёрдугаар сарын 27-нд МУЭ-ийн шинэ жилийн баярын арга хэмжээн дээр танилцуулах болно.
Танхимд дэлгэгдсэн бүтээлүүдээс монголын урчууд яг одоо ямар сэдэв, өгүүлэмж дээр төвлөрөн ажиллаж байгааг тоймлон харж болохоор байлаа. Жишээ нь "Говьд тарих миний цэцэг" гэх нэртэй бүтээлдээ Б.Шатарсайхан цэцгэн хээн дотор эмэгтэйчүүдийг дүрсэлжээ. Мөн зураач Д.Батзоригийн "Next 9" гэх контемпорари бүтээлийн нэр, дүрслэл хоёр тун сонирхолтой таавар төрүүлж байлаа. Монгол зургийн төрөлд залуу уран бүтээлч Б.Баярт-Одын график ажиллагаатай "Хатан" бүтээл, М.Уранбэрхийн "Бэр цаг" бүтээлүүд сонирхолтой байлаа. Уран зургийн төрөлд Б.Отгонтүвдэн "Тусгаар тогтнол" бүтээл, П.Энхтөр "Их хүрээний гудмаар" гэх түүхэн сэдэвтэй зураг илгээжээ.
Контемпорари өнгө аястай бүтээлүүдээс Бат.Мөнхцэцэгийн "Цоожтой авдар" бүтээл хүмүүсийн анхаарлыг хамгийн их татлаа. Учир нь хээтэй цэнхэр энэ авдараас Алтайн магтаал зэрэг туульс сонсогдож байсан юм. Б.Чинзориг "Алгуурхан дэвшил" гэх бүтээлдээ дүрслэлийн сонирхолтой хэл ашиглаж, тодорхой санаа өгүүлсэн байлаа.
Хэдийгээр үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдийн туурвисан он өөр, өөр байсан ч олонхи нь сүүлийн гурван жилийн дотор хийгдсэн ажлууд юм. Ингээд та бүхэнд тус үзэсгэлэнд дэлгэгдсэн онцлох бүтээлүүдээс танилцуулъя.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт