Улаанбаатар бүтээл: Уламжлалт монгол уран зураг орчин цагт

Хан-Уулын цагаан өвгөн Батмантай хийж буй банкет хийгээд түүний эргэн тойронд

Орчин үеийн монгол зургуудаас нэн өвөрмөц, онцгой нэгэн уран бүтээл танд танилцуулья. Контемпорари урлагийн тэргүүлэх Juxtopaz, Hi-Fructose сэтгүүлүүдэд илгээмээр олон егөөдөлт дүрслэлтэй, сэтгэлгээний бүтээл болжээ


Монгол зургийн талаар бид Марзан Шаравын "Монголын нэг өдөр" бүтээлээр сайн мэднэ. Тэнгэрээс харсан мэт дэлгэмэл орон зайд олон үйл явдал, өгүүлэмжтэй бүтээл туурвидаг нь Монгол зургийн нэг гол онцлог билээ. Орчин үед энэхүү уламжлалт уран зургийн чиг хандлага хэрхэн хөгжиж байна вэ? Үүнийг өнгөрсөн сар 976 арт галерейд "Контемпорари монгол зураг" үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн Б.Баатарзоригийн зургууд дээр ярилцаж болно. Бид энэ удаа түүний "Улаанбаатар" бүтээлийг онцолж авлаа. Зураач Б.Баатарзориг бол контемпорари, модерн, сюрреал өнгө аястай уламжлалт уран зураг зурдаг бөгөөд 2005 онд ДУИС-ийг дүүргэснээс хойш чөлөөт уран бүтээлч хийж байна.

Б.Баатарзориг

Та уламжлалт зургийг одоо цагт зурахдаа ямар арга барил хэрэглэдэг вэ

Ерөнхийдөө бидэнд үлдсэн соёлын өв зөндөө бий л дээ. Би уламжлалаа дагадаг учраас зохиомжийн хувьд дэлгэмэл, дүрслэл нь төвлөрсөн хэрнээ агуулгаар их хөөцөлддөг.

Таны зурган дээр маш олон дүрүүд байна. Микей мауз, гөрөөс, мууран толгойтой хүмүүс зэрэг эдгээр дүрслэлүүд юу илэрхийлж байгаа юм бэ?

Миний зурдаг дүрүүд дотроо болзолт дүрслэл агуулдаг. Микей мауз ерээд онд Ну-погодиг орлон гарч ирж, хүн бүрийн хайртай, хөгжилтэй дүр болсон. Энэ симболын ард нэг л их сахилгагүй хулгана байдаг нь одоогийн олон хүний мөн чанар болсон юм шиг санагддаг. 1993 оны үед бие хүн болж төлөвшиж эхэлсэн 10-11 насандаа би комунизмаас ардчилсан нийгэм рүү шилжих үйл явцыг ой тоондоо хадгалж үлдсэн л дээ. Одоогийн амьдрал тэр цагийн үйл явдлуудтай сүлэлдээд нэгэн сонин нийгэм болж хувирчээ. Хүмүүсийн ихэнхи нь хагас барууны, хагас социалист төлөвшилтэй байх жишээтэй. Одоо л бидний хүүхдүүд жинхэнэ баруунжсан монголчууд болон гарч ирж байна.

Микей маузыг анх Салвадор Дали Валт Диснейд зориулж зурсан гэж уншсан юм байна. Таны зурганд бас сюрреал байдлаар буужээ. Бас эдгээр хуниралдсан бичилт "зэрлэг" гэж харагдахуйц дүрслэл үүсгэж байх шиг. Яагаад ийм хэлбэрийг сонгосон юм бэ?

Миний араншинтай холбоотой байх л даа. Жишээ нь манай эхнэр зураач, түүний зураг илүү тайван, зөөлөн гөлгөр өнгө аястай байдаг юм. Би илүү бичилттэй, чөлөөтэй, чадварлаг маягаар зурахыг хичээдэг. Ерөнхийдөө "Ганза" гээд монгол зурганд болоод бурханы шашны зурганд ч байдаг дан контур зураасаар дүрсийг илэрхийлдэг чиглэл сурч эзэмшсэн. Ганза зургаар жишээ нь Очирваань бурхан зурлаа гэхэд өөрийг нь зурахгүйгээр түүний ямар эд зүйл хэрэглэдэг, ямар орон газар амьдардаг зэргээр нь бэлгэдэж бүтээж болдог.

Улаанбаатар бүтээл

"Улаанбаатар" зургийн голд улаан сахиус байгаа ч энэ бүтээл тэр чигээрээ нийслэл хотод өрнөж буй нийгмийн үзэгдлүүдийг дэлгэжээ. Хууль цаазын Жамсран бурханаар өнөөдөр бидэнд нүүдэлчдийн өөрсдийн мөрдлөгө дүрэм дутагдаж буйг илэрхийлжээ.
Зурган дээрх дүрүүд нь өрнө, дорно холилдсон хэв маягтай зэрэгцэн оршино. Энэ хотод амьдарч буй хүмүүс маш холимог соёл дунд, Ази хоол иддэг, барууныг сонсдог, технологийн дэвшил рүү тэмүүлдэг ч нүүдэлчин ахуй суурьтай жинхэнэ хаос байдалд орсон байгааг үзүүлэх мэт.
"Хамгийн гол нь нийгмийг хөдөлгөгч анги нь бүгдийг баруунжих ёстой гэсэн тулгалт руу шахаж буй зөрчлийг энэ бүтээлээр харуулахыг зорьсон"Зургийн дөрвөн талд нь Хан-уулын Цагаан өвгөн, Сонгино хайрханы хөх өвгөн, Баянзүрх, Чингэлтэй хайрханы эзнийг бэлгэддэг нохой, гахай сахиусыг тойруулан дүрсэлжээ. Туул голын дүрийг нүцгэн гөрөөсөөр төлөөлүүлсэн байна.

Зүүн дээр буй шонхор нь монголчуудын уламжлалт тотемийг дурссан бөгөөд түүнээс нэгэн зураасыг доош нялх хүүхэд рүү татан бэхлэжээ. Харин тэр хүүхдийн гэр бүлийн гишүүд нь солонгос, хятад маягийн төрхтэй аж төрцгөөнө.

"Арт shop" гэх пайцтай явуулын мухлагийн эргэн тойронд буй үйл явдлууд нь одоо цагийн урлаг мөнгөтэй хүмүүст, эсвэл олныг хуйлруулсан энгийн зүйлсээр хөөцөлдөж буйг ёгтолжээ. Түүний доод хэсэгт байх чоно харин эр хүнийг төлөөлжээ. Амьдрал нь гундуухан яваа залуучууд зөндөө бий ч тэд төрөлхийн хийморлог, зовлон даах чадвартай нь хээрийн нохойтой адил билээ.

Зургийн гол агуулга нь Хан-Уулын цагаан өвгөн дэргэдээ Батманыг залчихсан банкет хийж буй үйл явдлын эргэн тойронд төвлөрөх шиг. Дэргэд нь өнөөх микей маузууд сүн түшицгээнэ. Тэдний баруун талаар амьдрал өрнөж байх бөгөөд алтлаг шар тойрог нь гэгээрэл мэт гийж, европ маягийн титэм асаасан тарвага руу алт эрдэнэс цувж, тэр жингийн цувааг нохой толгойт хүмүүс хамгаалах ажээ. Энэ бол одоо цаг үед тарвага шиг газар малтдаг хэсэг нь хамгийн баян, олныг дагуулсан амьдралтай байгааг илтгэх гэсэн санаа гэнэ. Тэрхүү орчин цагийн язгууртанд сувдтай хясаа дээр, цагаан зээр толгойт бүсгүй хадагтай аяга барин зогсоо нь охид бүсгүйчүүд гадаадад гарах экспортын бараа адил болсон гэж егөөджээ.

Хойд хэсгээр нь ард олон өөрсөддөө гэр биш бетонон үүр, оромж хийн, энэ зурганд дүрслэгдсэн орон зайд багтах, шингэх газрынхаа төлөө аж төрцгөөж байна. Эцэст нь энэ бүхнийг тэнгэрээс тольдох мэт нэгэн сансарын нисгэгч хөвч яваа нь мэдээж Ж.Гүррагчаа биш бөгөөд зураачийн нүд эсвэл үзэгч таны харах өнцөгийг илэрхийлж буй биз ээ.

 

Ж.Чинбат

2015-07-31, 21:11