Домогт Жон Гальяногийн амьдралын замналыг харуулсан баримтат киноны тов зарлагдлаа

Театрын хэв маягтай, сүрлэг загварууд урладаг гэдгээрээ алдартай дизайнер Жон Гальяног загвар сонирхогч хүн бүхэн андахгүй биз ээ. Тэрээр Givenchy болон Dior ордны бүтээлч захирлаар ажиллаж байх хугацаандаа домогт загваруудыг урлаж, салбартаа нэрээ мөнхөлсөн нэгэн юм. Гэвч 2010 онд Жон Гальяно олон нийтийн газар еврейчүүдийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон үг хэллэг ашигласан тул түүнийг Dior-ын бүтээлч захирлын албан тушаалаас нь халсан юм. Тухайн үед Жон болон Dior-ын хооронд ширүүхэн тулаан өрнөж, тэрээр Dior-оос 15 сая еврогийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн хэмээн нэхэмжилсэн ч эсрэгээр нь шүүхээс Жонд мөнгөн торгууль оногдуулж байв. Ийнхүү тэрээр хоёр жил гаруй хугацаанд завсарлага авсныхаа дараа 2013 онд загварын салбарт эргэн ирсэн билээ. Ингэхдээ тэрээр өөрийнхөө хийсэн үйлдлийг “ажлын маш их ачаалал, дарамт шахалтын улмаас архи их ууж, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг байсан” хэмээн сэтгэлзүйн асуудалтайгаа холбон тайлбарласан юм. Удалгүй Maison Margiela түүнийг шинэ бүтээлч захирлаараа томилж байгаа талаар мэдээ цацагдсан бөгөөд Жон Гальяно 2014 оноос хойш одоог хүртэл тус албан тушаалыг хашиж байгаа аж.

Харин 2021 онд Академийн шагналт найруулагч Кевин Макдоналд Жон Гальяногийн тухай баримтат кино бүтээх гэж буйгаа зарласан. Тэрээр “Жон Гальяно бол манай үеийн хамгийн агуу дизайнеруудын нэг бөгөөд загварын ертөнцийн онцлох бэлэг тэмдэг юм. Би түүнтэй анх 2020 онд кино хийх талаараа ярилцаж түүний амьдралын уналт босолт, хувийн амьдрал болон карьерынх нь талаар үзэгчдэд хүргэхийг хүсэж байгаагаа хуваалцсан. Тэрээр хийсэн үйлдэлдээ гэмшиж, олон нийт түүнийг хэзээ ч уучлахгүй гэдгийг сайн мэдэж байсан. Гэвч тухайн үед болсон явдлыг чин үнэнээр нь тайлбарлаж, бусдад өөрийгөө ойлгуулах боломжийг би түүнд олгохыг хүссэн учир түүнийг ятгаж чадсан” хэмээжээ.

Тэгвэл үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байсан “High & Low: John Galliano” бүтээл 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болсон байна. Кинонд Наоми Кэмпбелл, Кейт Мосс, Бернард Арно, Шарлиз Терон зэрэг салбартаа нэр хүндтэй алдартнууд тоглосон бөгөөд Жон Гальяногийн Dior-оос халагдаж байгаа үйл явц, шүүх хурлын талаар голчлон өгүүлэх юм.

Жон Гальяно, Christian Dior Намар-Өвөл 2008 Haute Couture
Жон Гальяногийн Christian Dior Хавар-Зун 2008 Haute Couture
Christian Dior Хавар-Зун 2004
Christian Dior Хавар-Зун 2003
Christian Dior Намар-Өвөл 2005
Christian Dior Намар-Өвөл 2010

Buro.Mongolia

2023-12-26, 15:23