12 кино
Бусад хүмүүст кино санал болгоно гэдэг амаргүй ажил шүү. Учир нь хүн бүрд таалагддаг кино гэж байдаггүй. Зарим нэг хүмүүст дэлбэрэлт, буудалцаантай, маш өндөр төсөвтэй кинонууд таалагддаг бол бусад нь зөвхөн кино наадамд танилцуулагдсан, өндөр үнэлгээтэй бүтээлүүдийг сонгон үздэг. Харин бид хүн бүрийн сонирхолд тохируулан, энэ намар нээлтээ хийх төрөл бүрийн жанрын кинонуудыг сонгон хүргэж байна.
Блокбастер кинонд дурлагсдад зориулсан гурван кино
Сүүлийн үеийн блокбастер киноны жанр ихэвчлэн комик зохиолоос сэдэвлэсэн бүтээлүүдээс бүрдэх болжээ. Жишээ нь "Kingsman", "Thor", "Justice League" гэсэн гурван комик номоос сэдэвлэсэн кинонууд энэ намар биднийг хүлээж байна.
"Kingsman: The Golden Circle"
Хэзээ: Есдүгээр сарын 21
"Kingsman" киноны эхний анги тагнуулчтай бусад кинонуудыг элэглэн дуурайж байсан ч "Austin Powers", "Johny English" зэрэг кинонуудын адил хэт хошин болж хувираагүй нь үнэхээр гайхалтай. Киноны үйл явдалд энгийн нэг залуу дээд зиндааны супер тагнуулч болж буй тухай гардаг.
Хэрэв эхний ангийн үйл явдал Их Британид өрнөдөг бол "Kingsman: The Golden Circle" кино нь Наполеон Соло, Итан Хант, Дейсон Борн, Жек Бауэр зэрэг алдарт тагнуулчдын эх орон болох АНУ-д төвлөрдөг. "Kingsman"-ы нууц агентууд энэ удаад Ченнинг Татум, Жефф Бриджес, Педро Паскаль нарын гол дүрийг нь бүтээсэн Америк тагнуулчидтай хамтран ажиллах болно. Мөн тус киноны эхний ангид тоглосон жүжигчин Колин Ферт эргэж ирэхээс гадна, "Kingsman: The Golden Circle" киноны гол хорон санаатны дүрийг Жулианна Мур бүтээж байгаа аж.
"Thor: Ragnarok"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 3
Энэ удаад найруулагч Тайка Вайтити Скандинавын бурхдын тухай өгүүлэх "Thor: Ragnarok" киног бүтээсэн байгаа. Киноны үйл явдалд Тор ба Халк нар халз тулалдах нь тодорхой болоод байгаа билээ. Мөн жүжигчин Кейт Бланшетт "Хель" гэх үхэгсдийн ертөнцийн удирдагчийн дүрд тоглосон нь энэхүү супер баатруудын тухай киног заавал үзэх хэрэгтэй бас нэгэн шалтгаан болж байна. Сонирхуулахад "Thor: Ragnarok" нь Торын тухай франчайзын төгсгөлийн анги болох бөгөөд Marvel-ын ертөнцийн 17 дах кино болж буйгаараа онцлог юм.
"Justice League"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 16
"Justice League" кино нь DC Comics-ийн ертөнцийн хэд, хэдэн супер баатруудыг нэгтгэж чадсанаараа онцлог болсон юм. Тухайлбал тус киноноос Batman, Superman, Wonder Woman, Aquaman, Flash нарыг нэг дор харж болно.
Үнэн хэрэгтээ дэлгэцийн бүтээлээс илүү "Justice League" комик зохиол нь хамаагүй сонирхолтой. Анхандаа тус киног "Watchmen" киног бүтээсэн Зак Снайдер найруулах ёстой байсан ч харамсалтай нь түүний охин эмгэнэлтэйгээр таалал төгссөний улмаас тэрээр зураг авалтын талбайг орхих болсон юм. Тиймээс түүний байр суурийг "Avangers" киноны найруулагч Жосс Уидон эзлэх хэрэг гарчээ.
Тус киноны найруулагч солигдсоноос болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн цуурхал тархаж эхэлсэн байна. Жишээ нь Жосс Уидон "Justice League" кинонд хэд, хэдэн засвар оруулснаас болж нэмэлт 25 сая долларын зардал гарсан, мөн тэрээр өөр төслүүд дээр ажиллаж байсан жүжигчдийг эргүүлэн ажиллуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Хенри Кавилл (Superman) тухайн үед "Mission Impossible" кинонд тоглож байсан учраас сахлаа хусаж чадаагүй бөгөөд энэ асуудлыг компьютер графикийн тусламжтай шийдсэн гэж зарим эх сурвалжууд бичсэн байна. Түүнчлэн Wonder Woman кино асар их амжилтанд хүрсэн учраас "Justice League" киноны гол дүрийн баатрыг Batman биш, харин Wonder Woman болгохоор шийдсэн гэх яриа ч бас гарсан. Ямартаа ч бид Жосс Уидон энэхүү асар өндөр өртгөөр бүтсэн киног хэр чадварлаг бүтээснийг тун удахгүй олж мэдэх болно.
Гэмт хэргийн сэдэвтэй кинонд дурлагсдад зориулсан гурван кино
Стивен Содербергийн шинэ бүтээл, Агата Кристигийн зохиолоос сэдэвлэсэн детектив кино болон домогт "Blade Runner"-ын шинэ анги.
"Logan Lucky"
Хэзээ: Есдүгээр сарын 7
Найруулагч Стивен Содерберг кино урлагийн карьераа өндөрлөнө гэдгээ зарлаж байсан ч тэрээр амлалтдаа хүрэлгүй "Logan Lucky" киног бүтээжээ. Гэмт хэргийн сэдэвтэй, энэхүү инээдмийн кино нь өмнө нь Стивен Содербергийн найруулж байсан "Ocean's Eleven" киноны стильтэй тун төстэй болсон байна. Киноны үйл явдалд Логаны ах дүүс (Ченнинг Татум ба Адам Драйвер) Nascar автомашины уралдааны үеэр дээрэм хийхээр шийдэн, тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн Жо Бабахатай (Дэниел Крейг) хамтарна. Одоогоор кино шүүмжлэгчид Стивен Содербергийн бүтээсэн уг кинонд маш өндөр үнэлгээ өгөөд байгаа юм.
"Blade Runner 2049"
Хэзээ: Аравдугаар сарын 6
Найруулагч Ридли Скотт өөрийнхөө карьертаа "Blade Runner", "Alien", "Gladiator" гээд нийт гурван агуу бүтээл хийсэн юм. Хэрэв 2015 онд нээлтээ хийсэн "Martian" киног тооцохгүй бол Ридли Скоттын сүүлийн үед бүтээсэн кинонууд нь төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа. Жишээ нь "Exodus: Gods and Kings" кино үнэхээр сул болсон бол "Alien"-ы шинэ ангиуд шүүмжлэгчид төдийгүй үзэгчдээс маш муу үнэлгээ авсан юм. Тэгвэл одоо "Blade Runner" киноны үргэлжлэлийг Ридли Скотт биш харин Дени Вильнев найруулан үзэгчдэд хүргэх гэж байна. "Blade Runner 2049" киноны үйл явдалд Кэй (Райан Гослинг) гэх цагдаагийн офицер маш ээдрээтэй мөрдлөгийн гол түлхүүр болоод байгаа Декардийг (Харрисон Форд) хайж олох хэрэг гарна. Энэхүү киноны зураг авалтыг маш нууц нөхцөл байдалд авсан учраас одоогоор үйл явдлын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа юм.
"Murder on the Orient Express"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 3
Алдарт детектив зохиолч Агата Кристигийн номыг томоохон хэмжээний дэлгэцийн бүтээл болгоогүй маш уджээ. Хамгийн сүүлд буюу бүр 1974 онд найруулагч Сидни Люмет "Murder on the Orient Express" зохиолоор кино хийж байсан удаатай. Харин энэ удаад Уильям Шекспирийн маш олон жүжгийг найруулж байсан туршлагатай, жүжигчин, найруулагч Кеннет Брана "Murder on the Orient Express" зохиолыг амилуулахын тулд Жонни Депп, Жуди Денч, Пенелопа Круз зэрэг "A" зэрэглэлийн жүжигчдийн багийг бүрдүүлжээ. Түүнчлэн Кеннет Брана өөрөө киноны гол баатар болох мөрдөгч Эркюль Пуарогийн дүрийг бүтээхээр болсон байна.
Артхаус кинонд дурлагсдад зориулсан зургаан кино
Энэ жилийн Каннын кино наадмын ялагч, Гийом Канегийн туршилтын чанартай кино, Даррен Аранофскийн цочирдмоор бүтээл, Жан-Люк Годарын намтарчилсан кино болон бусад.
"The Square"
Хэзээ: Есдүгээр сарын 7
Энэ оны Каннын кино наадмын шүүгчид маш нарийн хошин шогийн мэдрэмжтэй байсан бололтой. Учир нь Шведийн найруулагч Рубен Эстлундийн бүтээсэн "The Square" инээдмийн кино нь энэ жил Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн юм. Киноны үйл явдалд орчин үеийн урлагийн музейн эрхлэгч Кристиан гэх залуугийн тухай гарна. Хэн нэгэн Кристианы гар утас ба түрийвчийг хулгайлснаар санаанд багтамгүй, хөгжилтэй адал явдлууд өрнөдөг.
"My Son"
Хэзээ: Есдүгээр сарын 7
Гийом Канегийн долоо хоногоос бага хугацаанд бүтээсэн энэхүү бүтээл нь кино урлагийн маш сонирхолтой туршилт болсон юм. Тэрээр энэ киног хийхдээ ямар ч кино зохиол ашиглаагүй тул түүний жүжиглэлтэд харагдаж байгаа сэтгэлийн хөдлөлүүд үнэхээр үнэмшилтэй болж чадсан байна. "My Son" киноны үйл явдалд Жюльен гэх карьерист залуу ажилдаа хэт автсаны улмаас гэрлэлт нь бүтэлгүйтэж, мөн түүний долоон настай хүү ор сураггүй алга болж буй тухай гардаг.
"Mother!"
Хэзээ: Есдүгээр сарын 15
"Black Swan" киноны найруулагч Даррен Аранофскийн бүтээсэн шинэ киноны тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор маш хомс байгаа юм. Гэхдээ Женнифер Лоуренс, Хавьер Бардем нарын тоглосон энэхүү аймшгийн кинонд нэгэн залуу хосын гэрт урилгагүй зочид ирснээр тэдэнд аймшигтай зүйлс тохиолдох нь тодорхой болоод байна. Ямартаа ч "Mother!" киног хүмүүс тайван үзэж чадахгүй гэж Даррен Аранофски мэдэгдсэн байгаа юм.
"Happy End"
Хэзээ: Аравдугаар сарын 19
Михаэль Ханекегийн найруулсан "Happy End" кино мөн л 2017 оны Каннын кино наадамд өрсөлдсөн байгаа. Киноны үйл явдалд Европын цагаачдын хямралын үед амьдарч буй нэгэн чинээлэг гэр бүлийн өдөр тутмын амьдрал гардаг. Сонирхуулахад Изабель Юпперийн тоглосон энэхүү кино нь Каннын кино наадмын үзэгчдийг хоёр тал болгон маргалдахад хүргэсэн билээ.
"Redoubtable"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 16
"The Artist" киноны найруулагч энэ удаад Францын найруулагч, кино шүүмжлэгч Жан-Люк Годарын тухай намтарчилсан кино бүтээжээ. Киноны үйл явдал Жан-Люк Годар болон жүжигчин, зохиолч Анна Вяземски нарын хайр дурлалын харилцаан дээр төвлөрөх болно.
"The Killing of a Sacred Deer"
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 3
Найруулагч Йоргос Лантимосын бараг бүх кино Каннын кино наадмаас шагнал авдаг гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд түүний найруулсан "The Killing of a Sacred Deer" кино тус кино наадмаас "шилдэг кино зохиол" шагналыг хүртсэн байгаа. Киноны үйл явдалд амжилттай мэс засалч (Колин Фарелл) 16 настай Мартин гэх өсвөр насны хүүтэй учир битүүлэг шалтгаанаар уулздаг болохоо өөрийн эхнэр ба хоёр хүүхдээсээ нуудаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт