Бүхнээс өөр
Фигаро арийг дуулахад чадна, эсвэл чадахгүй гэх хоёр л сонголт бий. Харин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаанд Гран-При хүртэхдээ Фигарог амилуулж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй элитүүдийг цэнгүүлж чадсан. Энэ бүхний эхлэл рүү очиж үзье
Түүний өглөө ихэвчлэн нар тоссон, голын сэргэг салхитай эхэлнэ. "Өглөө босоод би нарнаас их хүч авдаг гэж боддог. Тэгээд гүйх цагтаа бол гүйчихдэг" гэж хэлэхэд нь түүний эгэл жирийн байдлыг төсөөлж үзэв. Зуны цагт тэрбээр өглөөд 6 цагийн үед босч 7 хүртэл гүйдэг. Орж ирээд биеэ усаар зайлчихаад л ажилдаа ордог байна.
Ярилцлага эхлэхэд Г.Ариунбаатар үдийн зоогоо барих гэж байсан болохоор надад баритон хоолойг хэрхэн хайрлаж гамнадаг нь сонирхолтой санагдсан. Мэдээж хариулт нь "Бүх зүйл" байж. Тиймээс Г.Ариунбаатар өглөөдөө зөгийн балтай ус уугаад, жимс идчихээд гардаг байна.
Улаанбаатарт байх хугацаандаа тэрбээр сүүлийн үед ажил хэргийн уулзалт ихтэй байгаа. Дөнгөж он гармагц Монгол улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Марийский театрын гоцлол дуучин болох гэрээгээ үзэглэнэ. Үүнтэй уялдаад олон улсын театруудтай холбож, зохицуулдаг гурван агент ажилладаг аж.
Монгол бахархлын түүчээ улам залуужиж байгааг бид урлагийн олон салбараас харах болсон билээ. Тэгвэл энэ бүхний эхлэл юундаа байсныг олж ажиглабал өсөн торниж буй залуу үеэс Карнеги Холл, Бостон, Большой театрт хүрэх олон хүн гарах болов уу.
Г.Ариунбаатар бол баритон хоолойтой, олон улсын дөрвөн том наадмын тэргүүн байрын шагналтай, Их Британийн хатан хааны урилга гардаж, Большой театрт тоглосон дуурийн дуучин. Нас залуу, эрч хүчээр дүүрэн, хүний сэтгэлийг булаах дөлгөөн царай, хар үстэй, "смоки" костюм сайхан зохидог бас багш нараа хүндэлж, ард түмэндээ талархаж дуусах болоогүй гэж боддог эр.
Түүний онцлог болсон баритон хоолойгоор дэлхийн сонгодог, монгол сонгодог хоёр сонсогдох өөр мөртлөө, жинхэнэ байж чаддаг. Өвөө нь "Бараат" аялгуут уртын дуучин байсан бөгөөд аав нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн магтаж ханадаггүй Боржигоны бор талын, Баянбараатад төрсөн бол өөрөө домогт Зоргол хайрханы өвөрт мэндэлжээ.
Саяхан New Yorker сэтгүүл Г.Ариунбаатарыг Америкийн Карнеги Холл, Метрополитан театрт тоглосных нь дараа уулзаж өгүүлэл нийтлэхэд нь бид уламжилсан билээ. Тэр ярилцлагын төгсгөлд дуучныг маань Нью-Йоркод бүр олон ирж тоглоно гэдэгт итгэлтэй байгаагаа сэтгүүл баяртайгаар онцолсон байсан юм. Үнэхээр ч 2016 оны хоёрдугаар сарын 25-наас нэг сарын хугацаанд Америкийн бүх хот, Канадын хотуудаар "Монгол улсын дуурийн дуучин, Мариинский театрын гоцлол дуулаач, Улан-Үдийн театрын гоцлол..." гэх урилгаар тайзнаа гарах аялан тоглолттой.
Тоглолтын хуваарь цааш Оросын төгөлдөр хуурч Дэвид Мацу0втай хамтарсан Оросын бүх хотод тоглох аяллыг дуусгах цөөн хотоор үргэлжлэнэ. Ингээд зарим зүйлсийн талаар Г.Ариунбаатар юу гэж хариулсныг танд хүргье.
Танд энэ бүх гайхалтай газруудад тоглох урилга яаж ирдэг юм бэ?
Ер нь бол П.И.Чайковскийн конкурсанд хамгийн том шагналыг авсан болохоор хариуцлага өндөртэй. П.И.Чайковскийн конкурсанд түрүүлсэн хүн ямартай ч дэлхийн хэмжээний дуучин, хөгжимчин гэж тодорхойлох эрх шүүгчдэд нь байдаг. Энэ нь тодорхой болсны хойно урилгууд ирж, тоглолтоо хийдэг.
Та урилгуудаа хадгалдаг уу? Тэд ямархуу харагддаг бол гэдэг нь сонирхолтой санагдлаа.
Тийм ээ, надад зөндөө бий. Английн хатан хааны оройн зоогт урьсан урилга бол мэдээж гадна талаасаа их сүртэй. Бусад тоглолтууд урилга ихэвчлэн албан бичгээр ирнэ. Үүнийг агентууд маань хариуцдаг.
Та одоо улсын Филормонидоо хаярьяалагдаж байгаа юу?
Филармонд бол одоогоор ажиллаагүй, түр чөлөө авч гарсан байгаа. Мариинский театрын үндсэн дуучин болох гэрээ ирэх нэг сард зурж, баталгаажуулна.
Большой театр, Мариинский театрт тоглох ямар байдаг вэ?
Мэдээж гайхалтай сайхан байлгүй яах вэ. Мөрөөдлийнхөө театрын тайзан дээр гараад дуулна гэдэг бол үнэхээр сайхан зүйл л дээ.
Тоглолтоос харж байхад Владимир Путин, Сергей Безруков гээд Монголчуудын танил олон хүмүүс байсан. Тэдний хүлээж авч буй сэтгэл хөдлөл бас их хөгжилтэй харагдсан.
Тэр мэдээж. П.И.Чайковскийн конкурс бол дэлхийн хамгийн том, Олимпийн зэрэглэлд тооцогдох уралдаан. Хүчирхэг Оросууд ерөнхийлөгчийнхөө ивээл доор зохион байгуулдаг. Энд юу харагдаж байна вэ гэхээр Оросын ард түмэн сонгодог урлагаа, хөгжмийн зохиолчдоо, сонгодог бүтээлээ дээд зэрэгт тавьж байгаагийн илрэл гэлтэй. П.И.Чайковский уралдаанд Оросын сэхээтнүүд гэж нэрлэгддэг тэр л урлаг, спортын одууд, улс төр, бизнесийн салбарынхан гээд бүх элитүүд нь цугласан байсан. Би сүүлд нь харсан л даа. "Гайхалтай орон юм. Гайхалтай сайхан урлагаа дэмжих юм" гэж бяцхан атаархаж байлаа.
Тайзнаас та үзэгчдээ анхаарах боломж гардаг уу?
Ерөнхий уур амьсгал харагдана л даа. Тэгээд хэн сууж байна гэж ажиглахаас илүү дуулахаа л бодно шүү дээ.
New Yorker-т та "Жерри" хулганы дуулдаг Фигарог хүүхэд байхдаа дуулдаг байсан гэж ярьсан. Та дараа нь сонирхлоо яаж хөгжүүлсэн бэ?
"Том ба Жерри"-гээс л анх би Фигарог сонссон. Хүн дуурь гэдэг ойлголтыг тийм жоохон байхаасаа авч болдог байх нь. Намайг сүүлд Карнеги Холлд тоглсоныхаа дараа хүмүүс "Фигарог чи анх яаж сонсож байсан бэ?" гэж асуусан л даа. Танхимд Америкийн элитүүд, дээр нь манай Марийский театрын удирлагууд, маэстро Валерий Гергиев, Метрополитен, Роял Опера Хаус театрын бүх удирдлагууд цуглачихсан байсан юм. Тэгээд Жерригийн дуулдагаар өндөрт барьж дуулж үзүүлэхэд тэдэнд маш их таалагдаж, бөөн инээд хөөр болсон. Анх бол би дуурийн дуучин болъё гэж бодож байгаагүй. СУИС-ийн дуулаачийн ангид ороход Банди багш маань намайг таньж зорилго, тэмүүлэлтэй болгосонд би маш их баярлаж явдаг.
Яагаад ч юм Монгол хүн заавал оргилд гарна гэх чин эрмэлзэлтэй. Магадгүй би өөрөөрөө үүнийг харуулж байгаа байх
Ер нь тэмцээн уралдаанд оролцохдоо толилуулах бүтээлээ хэрхэн сонгодог вэ?
Багш нартайгаа зөвлөнө. Багш "Тохирно, тохирохгүй" гээд л. Тэмцээн уралдаан чинь ер нь тактик шүү дээ. Тактикаар л оролцоно. Тэгэхгүй хичнээн сайхан дуулаад амжилт олдоггүй дуучид бий. Жишээ нь сая П.И.Чайковскийн конкурсад цэвэр багштайгаа ярилцаж хөтөлбөрөө тохирсон.
Тэгэхээр таны баримталдаг гол тактик юу вэ?
Бүх хүнээс өөр байх.
Таны Гала тоглолт дээр дуулсан Каватино Фигаро арийг маш гоё дуулсан. Мэргэжлийн хүмүүс Фигарог маш их мэдрэмж, сэтгэлийн олон хөдөлгөөн шаардсан бүтээл гэж ярих юм билээ?
Россинийн Севилийн үсчин дуурийн энэ ари бол хөгжмийн хамгийн том хэлбэр. Дуулж чадахгүй хүмүүс нилээн бий. Тийм учраас тэмцээн уралдаанд ороход "Чадна, эсвэл чадахгүй" гэсэн хоёр л хувилбартай байдаг.
Та өөрөө Итали хэл, аялгууг цэвэр гаргаж байгаагаа яаж мэддэг вэ?
Сая гэхэд би 3-4 орны хэл дээр дууллаа. Энд цэвэр хүний сонсгол, хэлний авьяас шаардана. Мэдээж дуучид чинь бас тусгай, хөгжмийн сонсголтой болохоор сайнаар нөлөөлөлгүй яах вэ. Хамгийн гол нь Герман бүтээлийг Герман дуучнаар сонсож, Итали дууг Итали хүнд сонсгож, ойлгож байна уу, яаж хэлвэл зүгээр байна вэ гэдгийг нь хичээж, судлана л даа.
Та 2016 онд их завгүй байх нь. Одоо тэнд л тоглочих юмсан гэсэн бодол бий юу?
Эхлээд өөрийгөө төдий хэмжээнд бэлдэх л хэрэгтэй. Бүх зүйлд хариуцлага өндөр байх ёстой учраас өөрийгөө бэлдчихээд л "тийшээ" тоглоно. Надад бол айхтар хол харагдахгүй байна. Яагаад ч юм Монгол хүн заавал оргилд гарна гэх чин эрмэлзэлтэй. Магадгүй би өөрөөрөө үүнийг харуулж байгаа байх гэж боддог.
Дэлхийн сонгодог урлагийн хөгжилтэй эн зэрэгцэж буй талаар хүмүүс их ярьдаг шүү дээ. Та Лондон, Нью-Йорк, Москвад тоглосны дараа харахад эдгээр тайзуудын ялгаатай болон адил зүйлс нь юу байна вэ?
Том гүрнүүд бол үнэхээр урлагаа ойлгож, нийгмийг яаж зөв тийш хандуулах вэ гэдгээ мэддэг учраас хүүхдийг бага, цэцэрлэгийн наснаас нь эхлээд л дуурь үзүүлдэг юм байна лээ. Тиймээс эдгээр орнуудын хандлага нь нэг, харин улс орон бүрийнхээ өөрийн онцлогоо харуулсан гайхалтай хөгжсөн байдаг.
Та ихэвчлэн ямар хөгжим сонсдог вэ?
Янз бүрийн, сонирхолтой хөгжим болгоныг сонсдог.
Хөгжмийн зохиолчдын онгодыг сайн дуучин хөглөдөг гэдэг. Танд одоо Б.Шарав гуай, Жанцанноров гуай нараас санал ирж байна уу?
Байлгүй яах вэ. Би уржигдар Б.Шарав багштай уулзахад, надад зориулж бичсэн шинэ романс болон Чингис хаан дуурийнхаа бүтэн ноотыг бэлэглэсэн л дээ. Тэгээд цаашлаад багш нарынхаа бүтээлийг дэлхийд дуулж явья гэж бодож байгаа. Одоо аялан тоглолтууддаа ямар нэг хэмжэээгээр Монгол дуу оруулна. Энэ цаг үеийн эгэлгүй мундаг авьяастнуудтайгаа нэг үед амьдарч байгаа гэдгээрээ би байнга баярлаж, бахархаж явдаг. Нэг үгээр хэлбэл тийм л ачтай багш нартайгаа цуг ажиллаж байсан гэдгээрээ хойч үедээ би онгирч чадна. Тиймээс бид энэ цаг үеэ их хайрлах ёстой юм шиг? Энэ улсуудаа хайрлаж, үгийг нь их сонсож, юм авч үлдэж сурах ёстой гэж бодогдож байна. Залуучууд маань ч бас үүнийг мэдэж байгаа байх.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт