Coachella 2025 наадмын эхний өдрийн гол үзүүлбэрүүд

Лэди Гага, Лиса, Марина Диамандис ба бусад

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн чухал наадмуудын нэгд тооцогддог Coachella 2025 уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод байрлах Empire Polo Club-т дөрөвдүгээр сарын 11-13 болон 18-20 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Наадмын эхний өдөр хэд хэд уран бүтээлч тайзнаа уран бүтээлээ толилууллаа. Тэдний дунд BLACKPINK хамтлагийн Лиса, Марина Диамандис, Мисси Эллион, Бенсон Бун болон хэдлайнер буюу голлох уран бүтээлчээр Лэди Гага оролцсон байна.

Марина Диамандис наадмын тайзнаа "Cuntissimo" хэмээх шинэ уран бүтээлээ анх удаагаа толилуулж, фенүүддээ бэлэг барилаа. Дуучин бүсгүй энэ бүтээлээ хийхдээ Элизабет Тейлор, Софи Лорен, Мадонна, Рианна зэрэг уран бүтээлчдээс урам зориг авсан хэмээн онцлон тэмдэглэжээ.

Харин Лиса Coachella-гийн тайзнаа өөрийн анхны бие даасан "Alter Ego" цомгоо бүрэн хэмжээгээр нь амьд хөгжмийн хамтлагийн хамтаар толилууллаа. Түүний шинэхэн уран бүтээлүүд анх удаа дэлхийн хэмжээний тайзнаа эгшиглэж, үзэгчдэд өндөр сэтгэгдэл үлдээгээд буй.

Түүнчлэн наадмын тайзнаа залуу уран бүтээлч Бенсон Бун дебютээ хийсэн байна. Тэрээр домогт гитарчин Сэр Брайан Мэйн хамтаар Queen хамтлагийн "Bohemian Rapsody" дууг толилуулсан бол Мисси Эллиот "Work It", "One Minute Man", "The Rain" зэрэг үе үеийн хит дуунуудаа хүртээл болголоо.

Энэ үдшийн оргил хэсэг бол яах аргагүй Лэди Гагагийн тоглолт байв. Поп дива тоглолтын үеэр элсэн цөл дунд дуурийн театрын уур амьсгалыг бий болгохыг хүссэн гэдгээ үзэгчдэд илэрхийлжээ. Тоглолтын туршид түүний "Fame" болон шинэ "Mayhem" цомгийн дуунууд эгшиглэсэн бөгөөд алдарт "Bad Romance" дуугаар өндөрлөлөө.

Ц. Усанболор

2025-04-15, 08:30