Magnolian хамтлаг "South By Southwest" 2017 фестивальд оролцоно

Монгол улсаас анх удаа

Дэлхийн амьд хөгжмийн нийслэл хэмээн нэрлэгддэг АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдах “South By Southwest” фестивальд инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу Монгол хөгжимчин Magnolian оролцохоор болжээ

Анх 1987 оноос хойш зохион байгуулагдаж байгаа "South By Southwest" фестиваль бол тухайн цаг үед дэлхийн хаана хамгийн шинэлэг хөгжимчид, дуучид, кино найруулагч, зохиолч, продюсерууд байгааг урьж оролцуулдаг арвин түүхтэй наадам юм. Энэхүү наадамд зөвхөн дуу хөгжим, урлагийн салбарынхан оролцоод зогсохгүй техник технологийн салбарт шинэлэг зүйл бүтээсэн хүмүүс өөрсдийн шинэ төслөө танилцуулж, дэлхий дахинд болж буй нийгэм эдийн засгийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлгүүд хийдэг байна. Өөрөөр хэлбэл SXSW фестиваль нь орчин үеийн хандлагатай, бүтээлч салбаруудыг нэг дор нэгтгэж, дэлхийд танигдах боломж олгодог онцлогтой үйл явдал юм.  Тухайлбал өнгөрсөн 2016 онд интерактив салбарын хэлэлцүүлгийн нээлтийг АНУ ерөнхийлөгч асан Барак Обама нээн үг хэлж байжээ.

Тэгвэл энэхүү наадамд Magnolian гэх тайзны нэрээрээ олонд танигдсан дуучин Б.Дөлгөөн оролцохоор болсон байна. Түүнтэй хамт Magnolian-ы гитарчин Б.Хишигдорж (Үүдээ), дуучин Б.Энхжин SXSW  фесвивальд оролцох бөгөөд тэд "Famous Men" EP цомог болон шинэ дуунуудаасаа бүрдсэн 40 минутын тоглолтыг хоёр өдөр тоглох болно.   

Монголын хөгжмийн ертөнцөд шинэ нэр болж гарч ирсэн Magnolian-ы анхны цомгийн талаарх мэдээллийг та бүхэн эндээс үзэх боломжтой. Мөн "Famous Men"  EP цомгийг гадаадын нэр хүндтэй цахим хуудсууд өндрөөр үнэлсэн бөгөөд АНУ-д ихээхэн нэр хүндтэй nerdist.com-д тус цомгийг "Долоодугаар сарын Шилдэг Цомог"-р нэрлэсэн байдаг.

Buro.Mongolia

2017-03-06, 10:00