Хөшигний ард: Фантазиа студийн Pixar тоглолтоос онцлох хүмүүс

Дэлхийд алдаршсан, хүн бүрийн сонсоод л мэдэх бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр

"Finding Nemo", "Toy Story" цуврал, "The Incredibles", "Ratatouille", "Wall-E", "Up" гэхчлэн бидний бага насны гэгээн дурсамжуудтай холбогдох агуу бүтээлүүд бүгд Pixar анимейшн студийн бүтээл билээ. Эдгээр бүтээлүүдийн хөгжмийн зохиол Монголд анх удаа, оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглогдох болсон баярт үйл явдлыг тохиолдуулан бид тоглолтын бэлтгэл ажил дээр зочлон, хөгжимчдийн төлөөлөл, удирдаач, хөгжмийн найруулагч болон зохион байгуулагч Фантазиа студийн үүсгэн байгуулагч нартай бэсрэгхэн ярилцлага хийж бэлтгэлээ. Pixar-ын бүтээлүүдээр "хүмүүжсэн" гэлтэй, голчлон залуучууд тоглолтын зохион байгуулалтад оролцож буй бөгөөд энэхүү тоглолтынхоо талаар ямаршуу сэтгэгдэлтэй байгааг уншигч танд хүргэж байна. 


Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач Д.Нямдаш

Филармони гэдэг бол phil, harmony гэсэн хоёр үгийн хоршил. Нийлүүлбэл хөгжимд дурлах гэсэн утга илэрхийлнэ. Сонгодог хөгжим нь угтаа бол хөрөнгөтөн, язгууртнуудын хүрээлэл дунд дэлгэрсэн соёл байсан л даа. 19-р зууны сүүл үеэс эхлэн тэдгээр хөгжмийг олон нийтэд тэгш түгээх зорилгоор, голчлон ихээхэн бэл бэнчинтэй хүмүүс санаачлан санхүүжүүлж анхны филармониуд үүсэж эхэлсэн. Эдийн засгийг авч явдаг том хөрөнгөтнүүд үндсэндээ нийгмийн хариуцлагын хувьд ийм үйл ажиллагаа эхлүүлээд, төр засаг нь татвараас хөнгөлөх маягаар ч юм уу дэмжиж ирсэн түүхтэй байгууллага. 

Манай Улсын Филармоний хувьд ч мөн адил төрөөс санхүүжүүлээд, “чухал” гэсэн хөгжмүүдийг нийгэмд тэгш түгээх зорилготой ажилладаг.1960-аад оноос эхлээд 90-ээд он хүртэл энэхүү соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нэлээд эрчтэй явж байгаад 90-ээд оноос эхлээд урлаг гэлтгүй шинжлэх ухаан, эдийн засаг гээд бүх л салбар нийгэм задрахтай зэрэгцэн уналтад орсон.

Харин ингээд одоо үед хүүхэлдэйн киногоор хүмүүжсэн залуу үеэ симфони хөгжимд татан оруулах үүднээсээ бидний ерөнхий зорилт, үйл ажиллагаатай огтлолцож байгаа учраас манай байгууллагын удирдлагын зүгээс ихээхэн дэмжиж ажиллаж байгаа. Мөн түүнчлэн залуучууд албан ёсны эрхтэй ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь тун онцлог. Филармоний зүгээс “Cinema Night” ч юм уу, “Playing Love” гэхчлэн кино урлагтай холбогдох концертууд зохион байгуулж байсан ч албан ёсны эрх гэдэг бол тусдаа асуудал байдаг. Голдуу сонгодог бүтээлүүд дээр ажиллаж байсан удирдаач хүний хувьд хүүхдэд зориулсан анимейшны хөгжим дээр ажиллах мэдээж тун сонирхолтой байна. Залуучуудтай ажиллах надад маш их таалагдаж байгаа. Маш хурдтай, бүх зүйл яг л ном журмын дагуу явж байгаа бөгөөд албан ёсны эрхийг нь аваад ажиллаж байгаа нь үнэхээр магтууштай зүйл мөн билээ.


Фантазиа студийн хийлч Б.Билгүүн

Миний хувьд Хөгжим бүжгийн коллежид, дараагаар нь АНУ-ын Охайо мужийн урлагийн консерваторид гоцлол хийлч мэргэжлээр суралцаж төгссөн. Суралцахаар шийдэж, мэргэжилдээ дурлах болсон гол шалтгаан, нөлөөллүүдийн нэг мэдээж Pixar, Walt Disney, MGM ч юм уу, томоохон кино компаниудын бүтээлүүд бага насны минь дурсамжуудыг хөглөсөнтэй холбоотой. Уран бүтээлч хүний хувьд гоё бүтээл тоглоно гэдэг ажил гэхээсээ гадна их том баяр хөөр байдаг. Иймд тус концертын өдрүүд бол бидний хувьд баярын өдөр л гэсэн үг. Түүнчлэн эдгээр бүтээлүүд үндсэндээ америк соёлоос гаралтай. Миний хувьд АНУ-д суралцаж байхдаа олон ч концерт үзэж байсан. Одоо харин Монголдоо ирээд өөрөө ингээд тоглох гээд явж байгаа учраас бүр ч их баярлаж байгаа.Pixar-ын хөгжим гэхээр хэний ч толгойд “The Incredibles”-ийн хөгжим орж ирдэг болов уу. Их сүрлэг учраас тэр байх. Мөн “Up” киноны “Married Life” гэж аялгууг тоглохоо хүлээн сэтгэл их догдолж байна.

Тоглолт болох гэж байгаатай холбогдуулаад би өөрийн Instagram-даа стори оруулахад эргэн тойрны найзууд маань тасалбар нь дууссан эсэхийг байнга лавлаж асууж байгаа. Өөрөөр хэлбэл тоглолтын талаар үзэгчдийн хүлээлт өндөр л байгаагийн илрэл ба энэ нь надад сандрал гэхээс илүүтэйгээр ихээхэн хариуцлага, мөн ийм сайхан бүтээлүүдийг толилуулах нэр төрийн хэрэг шиг санагдаж байна.


Хөгжмийн найруулагч З.Мөнх-Өлзий

Бид энэ есдүгээр сард Жое Хисашигийн хөгжмөөр буюу Ghibli студийн бүтээлүүдээр тоглолт хийсэн. Бидний үеийнхэн чинь ихэнх нь л анимэ үздэг, Disney, Pixar-ын хүүхэлдэйн киногоор өссөн залуучууд. Иймдээ ч үзэгчдийн насны байдал нь нэлээд өргөн цар хүрээг хамардаг санагдсан. Disney-ийн онцлог нь илүү уран сайхны, magical шинжтэй байдаг бол Pixar-ын зохиолуудын хувьд өдгөө насанд хүрсэн ч гүн сэтгэгдэл үлдээдэг, бараг нулимс дуслуулах шахам байдаг шүү дээ. Хүүхэд байхаасаа ямар нэгэн киноны хөгжмөөр тоглолт найзуудтайгаа хамтарч хийхийг мөрөөддөг байсан. Харин одоо өөрөө хөгжмийг нь найруулаад, найз маань зохион байгуулаад, сургуулийн нэг үеийн хамт олон маань оркестрт сууж тоглоод мөрөөдөл маань бодитоор биелээд явж байгааг харахад туйлын их урамтай байгаа.

Ерөнхийдөө бол хүүхэлдэйн кино үзээд сууж байхад тухайн хөгжмийн зохиолчийн ур ухааныг анзаарна гэдэг хэцүү. Юун түрүүнд бид энэхүү тоглолтоороо сонгодог хөгжмийн уран сайхныг түгээхийн сацуу танин мэдэхүйн шинж чанартай, соён хүмүүжүүлэх үйл ажиллагаа байгаасай гэж хүсэж байна. Улирлын чанартай, уламжлал болж тогтсон бүтээлүүдээр, эсвэл уран бүтээлчид өөрсдийн гоцлол тоглолтуудаа хийдэг бол иймэрхүү хөгжмийн тоглолт төдийлөн хийгддэггүй шүү дээ. Фантазиа студийн онцлог ердөө л энэ.

Барууны зарим оркестрт бүр стандарт болчихсон гэлтэй зэмсгүүд байдаг. Зарим зохиолуудыг тэр л зэмсэггүйгээр төсөөлөхийн аргагүй голлох шинжтэй болсон ч манай оркестрт хэрэглэгддэггүй тэдгээр зэмсгүүдийг байгаа хөгжмөөрөө орлуулах, цар хүрээг нь тооцоолж байгаад хамгийн дөхсөн дуугаралтыг нь олох гэхчлэн мэргэжлийн нарийн асуудлууд мэр сэр тохиолдсон. Хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байсан. Жишээлбэл, англи бүрээ гэж нэрлэгддэг зэмсгийн дуугаралтыг төсөөтэй сонсогддог учраас гобой хөгжмөөр орлуулж, өөрсдийн байгаа бүрэлдэхүүндээ тааруулж бичсэн. Өмнө нь ч мөн Жое Хисашигийн хөгжмийн тоглолт дээр босоо ятгаар тоглогддог хэсгийг монгол ятгаар орлуулсан туршлагатай. Дэлхийд алдаршсан зохиолуудыг өөрсдийн байдлаар тоглож, монгол гэсэн багахан ч болов шигтгээ оруулж өгч байгаа гэсэн үг.


Фантазиа студийн үүсгэн байгуулагч, захирал Д.Бат-Эрдэнэ

Pixar болон Ghibli-гийн хөгжмөөр оркестрын бүрэлдэхүүнтэй филм концерт зохион байгуулах нь багаасаа мөрөөдсөн мөрөөдөл маань юм. Ийм тоглолт Монголд зохион байгуулагдаасай гэж их хүсдэг байсан. Одоо үзэхийг хүсдэг байсан тоглолтоо оюуны өмчийн онцгой зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулж байгаадаа маш их баяртай байгаа. Уг тоглолтыг зохион байгуулах болсон бас нэгэн шалтгаан бол сонгодог урлагийг илүү таниулах ажлыг хийхийг хүссэн. Ингэхийн тулд "Fantasia - Greatest Hits Concert Series" төслийг эхлүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн шилдэг арилжааны контентуудыг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр, монгол уран бүтээлчдээ оролцуулан, жилдээ дөрвөн удаа өөр өөр сэдэвтэй зохион байгуулах ба хүн бүрийн хүсэн хүлээж үздэг концерт болгохыг хүсдэг. Тоглолтын зохион байгуулалт, арын алба, уран бүтээлчид нийлээд 100 гаран хүн энэхүү тоглолтод гар бие оролцон ажиллаж байгаа.

Энэ удаагийн тоглолтод уран бүтээлчдийн хувьд Улсын Филармоний Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Fat Cat жазз клубийн хөгжимчид оролцож байгаа. Бид Walt Disney Studios-с тоглолтын лицензийг MOSCAP гэх байгууллагаар дамжуулан авсан. Яг гадны филм концертыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголд анхны удаа Фантазиа студи зохион байгуулсан ба бид оюуны өмчийг дээдэлдэг жишиг байгуулага байхыг хүсдэг.

Тоглогдож байгаа бүтээлүүд маань бүгд л их гоё зохиолууд байгаа ч эдгээрээс "Up" киноны хөгжмийг тайзан дээрээс сонсохыг тэсэн ядан хүлээж байна.



Fantasia Studio

Facebook: Fantasia Studio

Instagram: fantasiastudio.co

Утас: 9523-2357

Э.Амартүвшин

2022-12-23, 11:25

  • Зураг: Г.Луубат