Наадамд оролцох Монгол уран бүтээлчдийн тухай мэдээлэл гарчээ
Олон улсад хамгийн алдартайд тооцогддог дүрслэх урлагийн сэтгүүл болох Artnews-ийн хуудаснаа 2019 оны Венецийн биенналд оролцох Монголын уран бүтээлчид болон наадамд оролцох үзэсгэлэнгийн тухай нийтлэл гарчээ.
Монгол уран бүтээлчид "a TEMPORALITY" буюу "Цаг хугацааны тухай ойлголт" хэмээх төслөөрөө оролцох ба тэдний павильонд электро хөгжимтэй хосолсон хөөмий эгшиглэх болсныг онцолсон байна. Үзэсгэлэнгийн куратораар "976" арт галерейн захирал Б.Гантуяа ажиллаж байгаа ба сонгогдсон уран бүтээлчид хүн ба байгалийн харилцан холбоо устаж үгүй болж буй тухай сэдвийг хөндөхөөр болжээ.
Уран бүтээлч Э.Жанцанхорол тоосго, панель, шилэн хана, асфальт зэрэг материалаар үзэсгэлэнгийн танхимыг бүтээх бол, Монгол хөөмийчид Германы электро хөгжимчин Карстен Николайтай хамтран уран бүтээлээ туурвих аж. Хөгжимчин Карстен Николай хөгжмөө туурвихдаа шинжлэх ухаан, тэр дундаа математикийн үелзэл, физикийн долгион зэргийг ашигладаг ба хөгжмөө сонирхолтой визуал хэлбэрт оруулан цогц бүтээл бий болгодог. Тэрээр олон улсын алдартай үзэсгэлэнгүүдэд оролцож, нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.
58 дах удаагийн Венецийн биенналийн наадам 2019 оны тавдугаар сарын 11-нээс эхлэн долоон сарын турш үргэлжлэх юм. Дашрамд дурдахад Венецийн биеннал бол шинэ, шилдэг бүтээлүүд гаргаж ирэх чиглэлээр дэлхийд хамгийн нэр хүндтэй наадамд тооцогддог билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт