“Chelsea” зочид буудлын хаалганууд
Нью-Йорк хотын "Chelsea" зочид буудал нь бүх цаг үеийн супер одууд буудаллаж байсан гэдгээрээ дэлхий дахинд алдартай соёлын өв болсон газар юм. Тэгвэл Guernesy компани энэхүү зочид буудлын Боб Марли, Жексон Поллок, Женис Жоплин, Энди Уорхол, Боб Дилан ба Жек Керуак нарын амьдарч байсан 55 өрөөний хаалгыг дуудлага худалдаанд оруулахаар болсон гэдгийг Artnet мэдэгджээ.
"Chelsea" зочид буудалд нэгэн цагт зохиолч Марк Твен, Владимир Набоков, философич Жан-Поль Сартр, францын домогт дуучин Эдит Пиаф, зураач Фрида Кало, Марк Ротко, найруулагч Стэнли Кубрик, дуучин Ник Кейв зэрэг суут эрхмүүд амьдарч байжээ. Тиймээс уг зочид буудлыг "Америкийн соёл урлагийн музей" хэмээн нэрлэдэг бөгөөд 1977 онд АНУ-ын Үндэсний түүхэн дурсгалт газрын жагсаалтад багтсан түүхтэй.
Одоо "Chelsea" зочид буудал нь олон нийтэд хаалттай байгаа бөгөөд хамгийн сүүлийн зочноо 2011 оны наймдугаар сарын 1-нд хүлээн авсан байдаг.
Харин дуудлага худалдаанд оруулах гэж байгаа эдгээр хаалгануудыг 2002 оноос эхлэн зочид буудлыг хаагдах хүртэл "Chelsea"-д амьдарч байсан Жим Жоржу гэх хүн олсон байна. Тухайн үед "Chelsea"-гийн шинэ эзэд зочид буудлыг сэргээн засварлахаар төлөвлөж байсан бөгөөд шинээр зочин хүлээж аваагүй байсан аж. Тэд Жимийг ч мөн зочид буудлаас явахыг шаардсан тул тэрээр хэсэг хугацаанд гудамжинд амьдарч байжээ. Жоржу засварын ажилчид зочид буудлаас эд зүйлсүүдийг гаргаж байхыг хараад тэднээс хуучин хаалгануудыг яах гэж байгаа талаар асуужээ. Ажилчид хаалгануудыг хаях гэж байгаа тухай хэлэхэд Жорж тэднийг "аврах" хэрэгтэй гэж бодсон байна.
"Хаалгануудыг аврах хүсэл надад гэнэтхэн л төрсөн. Учир нь энэ зочид буудал миний хувьд маш үнэ цэнэтэй байсан юм . Энэ хаалганууд миний ‘Chelsea'-д өнгөрүүлсэн гайхалтай амьдралыг санагдуулдаг. Би энэ зочид буудалд бүх зүрх сэтгэлээрээ хайртай" гэж Жим Жоржу ярилаа.
Тэрээр өөрийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд Жими Хендрикс, Боб Марли, Жон Бон Жови, Жонни Митчелл, Мадонна, Игги Поп, зохиолч Дилан Томас, Теннеси Уильямс, Марк Твен, жүжигчин Хамфри Богарт, Лиам Нисон зэрэг алдартнуудын амьдарч байсан өрөөний хаалгануудыг авч үлдэж чаджээ.
Алдартнуудын амьдарч байсан өрөөний хаалгануудыг 2018 оны дөрөвдүгээр сарын 12-нд Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулах гэж байна.
Сонирхуулахад нэг хаалгыг 5,000 ам.доллараас эхлэн дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаанаас олсон орлогын зарим хувийг City Harvest гэх Нью-Йоркийн орон гэргүй хүмүүст тусалдаг сайн үйлсийн санд хандивлах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт