BTS хамтлаг гурав дах удаагаа НҮБ-ийн чуулга хуралдаанд илтгэл тавилаа

Арга хэмжээний шууд дамжуулалтыг цахимаар нэг сая гаруй хүн үзсэн байна

Өнгөрсөн Мягмар гарагт БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөгжмийн салбарт ноёрхож буй BTS хамтлагийг хойч үе, ирээдүйн соёлын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр томилсон билээ. Мөн BTS хамтлаг өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд ерөнхийлөгч Мүн Жэ Инийн хамтаар НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 76-р чуулга хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн зорилтын Агшин 2021” хэмээх үйл ажиллагаанд оролцсон байна. Эргэн сануулахад, тус хамтлаг өмнө нь 2018 болон 2020 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулгад оролцож, олны хүндлэлийг хүртэж байсан билээ.

Тус уулзалт дээр Мүн Жэ Ин илтгэл тавьж дуусаад “Тэд магадгүй дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүмүүсийн хамгийн их хайрладаг уран бүтээлчид байх” гэх үгсээр BTS хамтлагийг залсан юм.

Хамтлагийн гишүүд буюу RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook нар дэлхийн асуудал болсон цар тахалтай тэмцэж буй залуучуудын өнцгөөс илтгэл тавьж, тэдний шүтэн бишрэгчдийн илгээсэн түүхээс хуваалцсан төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санал бодлоо мөн илтгэлээ.


“Бид шинэ үеийнхнийхээ түүхээс хуваалцахаар өнөөдөр энд хүрэлцэн ирсэн билээ. Энд ирэхээсээ өмнө бид дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны болон 20 орчим насны залуучуудаас өнгөрсөн хоёр жилийн болон өнөөгийн амьдралынх нь талаар асуусан” хэмээн хамтлагийн удирдагч RM илтгэлээ эхлүүлсэн байна.

Үүний дараа Jin шүтэн бишрэгчдийн явуулсан түүхүүдээс санаа авсан олон төрлийн зураг болон зөв сэдэл төрүүлэх үгстэй самбарыг танилцуулсан юм. Тэрээр “Эдгээрийг хараад л танд эерэг мэдрэмж төрөх болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидэнд ч бас эргэлзэж, санаа зовж байсан үе олон бий. Гэсэн хэдий ч бид ‘Амьдрал үргэлжилж байна! Энэ цаг үеэс өөрсдөдөө хэрэгтэй зүйлсийг олж авцгаая!’ гэсэн бодолтой байгаа” хэмээжээ.

Түүнчлэн залуу уран бүтээлчид хөл хорио болон улам л хүчээ авч буй халдварын тохиолдлуудаас үүдэлтэй уйтгар гуниг мэдэрсэн шүтэн бишрэгчдийнхээ түүхээс ярьж өгсөн байна. Мөн тэд өмнө нь төлөвлөсөн байсны дагуу өнгөрсөн онд болон энэ жил аялан тоглолт хийж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.


Бидэнд тулгарч буй байгаль орчны тулгамдсан асуудлын талаар дурдахдаа J-Hope “Уур амьсгалын өөрчлөлт бол чухал асуудал гэдэгтэй хүн бүр санал нэгддэг ч яг ямар шийдэл нь илүү оновчтой болохыг хэлэхэд амаргүй байдаг” гэжээ. Мөн RM энэ талаар “Байгаль орчны асуудлыг сонирхож буй бөгөөд энэхүү чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй олон залуус байгааг бид олж мэдсэн. Хэдий бидний ирээдүйг хэн ч тааж мэдэшгүй ч бид энэ дэлхий дээр ихээхэн цагийг өнгөрөөх юм шүү дээ. Тийм ч учраас залуус маань өөрсдийн ирээдүйн төлөө байгаль орчноо судалж байгаа байх” хэмээн нэмж онцолсон юм.

“Бид 30 хүртэлх насны хүмүүсийг ‘COVID's lost generation’ (Ковидод алдагдсан үе удам) хэмээн нэрлэж байгаа талаар сонссон. Гэхдээ бид тэднийг эсрэгээрээ ‘welcome generation’ (Ковидыг эерэгээр хүлээн авсан үе удам) гэж нэрлэмээр байна. Учир нь орчин үеийн залуус өөрчлөлтүүдээс айж, эмээхийн оронд ‘тавтай морил’ гэж хэлж байна” хэмээн төгсгөлд нь дуучид бусдад урам зориг, итгэл найдвар өгөх үгс хэлээд илтгэлээ өндөрлөлөө.

Түүнчлэн BTS хамтлаг илтгэлээ тавьж дуусаад НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд хийсэн “Permission to Dance” дууны бичлэгийг толилуулсан юм.

Buro.Mongolia

2021-09-21, 11:20