Дүрвэгсдээр дүүрсэн завь: Ай Вэйвэй шинэ инсталляц танилцууллаа

Прага хотод

Ай Вэйвэй Прага хотод 70 метрийн урттай "Law of the Journey" нэртэй шинэ инсталляц дэлгэжээ

Хятадын орчин үеийн уран бүтээлч, тэмцэгч Ай Вэйвэй гуравдугаар сарын 15-нд өөрийн хувийн үзэсгэлэнгээ Прага хотын үндэсний галлерейд танилцууллаа. Энэ үеэр Ай Вэйвэй нүүр царайгүй 200 гаруй дүрвэгсэд суусан хийлдэг завь бүхий шинэ инсталляц олон нийтэд дэлгэсэн байна.

Ай Вэйвэй дүрвэгсдийн асуудлыг хөндсөн сэдэвтэй уран бүтээл нэлээдгүй туурвидаг бөгөөд ялангуяа Европын засгийн газрууд дүрвэгсэдтэй тэмцэж буй арга барилын эсрэг талд зогсдог. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээллэснээр 2015 оноос эхлэн 1,5 сая хүн Европт нэвтрэхийн тулд Газар дундын тэнгисийг гаталжээ. Харин Бүгд Найрамдах Чех улс лалын шашинтай цагаачдыг нутаг дэвсгэртээ хүлээн авахын эсрэг байр суурьтай байдаг юм.

Өмнө нь 2016 оны хоёрдугаар сард Ай Вэйвэй Берлиний театрын багануудад дүрвэгсэд Европ руу ирэх замдаа өмсөж байсан аврах хантаазуудыг өлгөсөн инсталляц хийсэн. Мөн тэр жилийн намар Флоренц хотын Палаццо Строцци ордонг хорь гаруй хийлдэг завиар чимэглэсэн удаатай.

Тэрс үзэлтэн, уран бүтээлч Ай Вэйвэй авлига, цензурын эсрэг тэмцдэг. Тэрбээр 2011 онд татвар төлөөгүй гэх шалтгаанаар хятадын шоронд 81 хоног хоригдсон юм. Энэ үйл явдлыг Ай Вейвей өөрөө түүний үзэл бодлоос шалтгаалсан улс төрийн зорилготой явуулга байсан гэж тайлбарладаг байна.

Buro.Mongolia

2017-03-19, 12:00

  • Зураг: