Каннын кино наадам нэр дэвшигчдээ зарлалаа
75 дахь удаагийн Каннын кино наадам ирэх тавдугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд зохиогдохоор товлогдоод байгаа билээ. Тус наадамд Алтан дал мод шагналын төлөө өрсөлдөх болон нээлтээ хийх кинонуудын жагсаалтыг танилцуулж байна.
Эдгээрээс “Triangle of Sadness”, “Broker”, “RMN”, “Tori and Lokita” бүтээлүүд өмнө нь Алтан дал мод шагналыг хүртсэн найруулагчдын шинэ бүтээлүүд юм. Сүүлийн жилүүдэд Каннын кино наадам эмэгтэй найруулагчдын бүтээлийг огт үнэлэхгүй байгаа тухай шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн наадамд л гэхэд ердөө гуравхан эмэгтэй найруулагчийн хийсэн кино байгаа юм. Гэтэл өнгөрсөн жилүүдийн бусад том фестивалиудад эмэгтэй найруулагчид бүх дээд шагналуудыг түүчхээд байгаа учраас энэ удаагийн Алтан дал мод шагналыг эмэгтэй хүний гар өргөх магадлал өндөр байна.
Дэлхийн олон өөр соёл бүхий улс үндэстнүүдийн шилдэг кинонуудыг олон улсад таниулах зорилгоор 30,000 еврогийн хамт олгогддог Un Certain Regard шагналд энэ удаа 15 бүтээл өрсөлдөж байна.
Жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон, 1986 онд нээлтээ хийж байсан “Top Gun” киноны үргэлжлэл болох “Top Gun: Maverick” нээлтээ хийж, мөн энэ үеэр Том Крузд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болох юм байна.
Каннын кино наадмаар нээлтээ хийх хөгжмийн сэдэвтэй хоёр кино мөн анхаарал татаж байна. 2015 онд Nirvana хамтлагийн дуучин Курт Кобейны амьдралаар хийсэн “Kurt Cobain: Montage of Heck” киноны найруулагч Брет Морген алдарт дуучин Дэвид Боуигийн амьдралаар бас нэгэн кино хийснийг тус наадмын дэлгэцээр анх цацах юм.
Рок н Ролл хөгжмийн эцэг гэгддэг домогт Элвис Прэслийн амьдралаар хийсэн “Elvis” нэртэй кино мөн нээлтэй хийх аж. Элвис Прэслийн дүрийг жүжигчин Остин Батлер бүтээж, бусад дүрүүдэд Том Хэнкс, Элэн Томсон, Коди Смит Макфи зэрэг туршлагатай жүжигчид тоглосон юм байна. Мөн Элвисийн ач охин болох жүжигчин Райли Киөү “Beast” нэртэй өөрийн найруулсан анхны киногоо үзэгчдэд танилцуулна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт