Казуо Ишигуро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

Харуки Мураками, Маргарет Этвуд нараас өрсөж

Өчигдөр Нобелийн академийн хороо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулсан байна. Энэ жил энэхүү нэр хүндтэй шагналыг Япон гаралтай, Их Британийн постмодернист зохиолч Казуо Ишигуро хүртжээ. Тэрээр "The Remains of the Day", "Never Let Me Go" зэрэг бүтээлүүдээрээ алдартай билээ.

Энэхүү шагналыг Казуо Ишигурод "Бидний дэлхий ертөнцтэй холбоотой хуурмаг мэдрэмжийн доор нуугдаж байсан гүн ёроолыг олж илрүүлсэн, агуу сэтгэлийн тэнхээ шаардсан зохиолууд бичсэнийх нь төлөө" өгсөн гэжээ.

Түүний "Never Let Me Go" ном нь 2005 онд Time сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг Англи зохиолуудын жагсаалтанд багтаж байсан бол, "The Remains of the Day" зохиол нь 1989 онд Букерын шагнал хүртсэн юм.

Сонирхуулахад энэ жил утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Харуки Мураками (Япон), Маргарет Этвуд (Канад), Нгуги Ва Тхионго (Кени), Ко Ин (Өмнөд Солонгос), Амос Оз (Израйль), Хавьер Мариас (Испани) зэрэг нөлөө бүхий зохиолчид хүртэх өндөр магадлалтай байсан юм.

Buro.Mongolia

2017-10-06, 11:00

  • Зураг: