Лос-Анжелес хотод “Оддын дайн” киноны музей нээгдэнэ

Алдарт киноны костюм ба зураг авалтанд ашигласан эд зүйлсийг эндээс харж болно

Лос-Анжелес хотод "Star Wars" буюу "Оддын дайн" кинонд зориулсан "The Lucas Museum of Narrative Art" нэртэй маш том музейн цогцолборын барилгын ажил эхэллээ. Уг төслийг домогт уран зөгнөлт киног бүтээсэн найруулагч Жорж Лукас хариуцаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Одоогийн байдлаар төслийн удирдагчид тус музейг дөрвөн жилийн дараа нээнэ гэж төлөвлөж байгаа аж. Музейн барилга нь гаднаасаа яг л сансрын хөлөг мэт харагдах бөгөөд Жорж Лукас барилгын ажилд зориулж нэг тэрбум ам.доллар төсөвлөжээ. Энд хүрэлцэн ирсэн зочид "Оддын дайн" кинонд ашигласан засал чимэглэл ба костюмуудыг харах боломжтой. Үүнээс гадна Жорж Лукас сүүлийн 40 жилийн хугацаанд цуглуулж байгаа хувийн цуглуулгаасаа кино архив, уран зураг, иллюстрациудыг дэлгэх болно.

"XXI зуунд бүтээгдэж байгаа энэхүү барилгыг маш залуу хэдий ч үнэхээр ирээдүйтэй архитектор барихаар болсон. Энэ барилгыг 10 жилийн өмнө босгох боломжгүй байсан юм. Учир нь тухайн үед шаардлагатай төхөөрөмж, багаж хэрэгслүүд байгаагүй" гэж тус музейн захирал Дон Басигалупи ярьжээ.

Эргэн сануулахад залуухан Хан Соло ба түүний хамтрагч Чубакка нарын адал явдлын тухай өгүүлэх "Solo: A Star Wars Story" нэртэй кино нь 2018 оны тавдугаар сарын 25-нд дэлхий даяар нээлтээ хийх болно.

Buro.Mongolia

2018-03-16, 10:00

  • Зураг: