Наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулах багтай танилцацгаая

Тал нутаг, уулс хангай ногоон нөмрөгөө нөмөрч, хаа нэг хур бороо шаагин зуны эхэн сар өнгөрсөөр аль хэдийн Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ өдрүүдэд гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн халуун яриа өрнөн байхад Нийслэл хотын маань төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажил ид дундаа явж байна. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тоглолт нь тухайн жилийнхээ өнгө төрхийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулдаг. Иймдээ ч бид наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг хэн найруулах бол хэмээн чих тавин хүлээдэг болж.

Энэ жил Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шинэ үеийн залуу төлөөллүүдийг дэмжиж, наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анарыг сонгож, хамтран ажиллахаар болжээ.

16 наснаасаа камерын кабель зөөж эхэлсэн тэрээр 2004 онд Скин энтертайнментаа үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл тоо томшгүй клип, реклам, баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, бүрэн хэмжээний шоу тоглолт зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг туршлагатай хамт олныг бий болгожээ. Бид бүгдийн мэдэхээр сүүлийн жилүүдэд Харанга хамтлагийн 30 жилийн ойн тоглолт, дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт, Ice Top хамтлагийн 26 жилийн ойн тоглолт, Татар хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, Ц.Чулуунбатын 50 жилийн ойн тоглолт, дуучин Б.Сарантуяагийн “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, Triple X HIT Awards зэрэг тоглолтуудын найруулга, зохион байгуулалтыг хариуцан ажиллажээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг "Эв мөнхийн тусгаар Монгол” нэрэн дор зохиомжилж байгаа ба мэргэжлийн урлагийн байгууллагууд болон хувийн хэвшлүүдийн хамтарсан 1,500 орчим уран бүтээлчдийг хамарсан үндэсний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа залуусыг та бүхэнд танилцуулъя.


Ерөнхий найруулагч: Б.Анар

/Скин энтертайнментын найруулагч/

Уран бүтээлийн найруулагч: А.Чингүн

/УДЭТ-ын найруулагч, СТА/

Хөгжим, уран бүтээлийн найруулагч: Д.Мөнх-Оргил

/333. энтертайнментын ерөнхий найруулагч, Жонон хамтлагийн ахлагч/

Бүжгийн ерөнхий найруулагч, продюсер: Ш.Баасан

/Монголиа энтертайнментын үүсгэн байгуулагч, СТА/

Тайзны найруулагч: Б.Батцэрэн

/333. энтертайнментын тайзны найруулагч/

Ерөнхий продюсер: Э.Ганболор

/Скин энтертайнмент/

Гүйцэтгэх продюсер: Д.Цэрэнсамбуу

/УДЭТ-ын захирал, УГЗ/

Гүйцэтгэх продюсер: Н.Батхуяг

/333. энтертайнментын ерөнхий продюсер/

Ерөнхий зураач: Б.Тэгшсүрэн

/Лимон продакшны сцен зураач, СТА/

Ерөнхий бүжиг дэглээч: Л.Баттөр

/ЦДБЭЧ-ын Уран сайхны удирдаач, хошууч/

Хөгжмийн зохиолч: Б.Цогбаяр

/Жонон хамтлагийн лимбэчин, СТА/

Зургийн дарга: Б.Жаргалсайхан

/УДЭТ-ын жүжигчин, АЖ/

Ерөнхий менежер: О.Анужин

/Скин энтертайнментын менежер/

Ерөнхий зохион байгуулагч: С.Энхболд

/УДЭТ-ын Маркетинг, төлөвлөлтийн албаны дарга/


Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол улс оршихыг бэлгэдэх нээлтийн үйл ажиллагаагаар Монголчуудын үнэт өв, түүх, соёл, нэгдмэл оюун санаа, хүн байгалийн хүйн холбоо, эв нэгдлийг орчин үеийн урлагийн бүхий л хэлбэрүүдээр дамжуулан бүх насны үзэгч, наадамчдад хүртээмжтэй, сонирхолтой байх шинэлэг найруулгаар хүргэхээр тэд зорин ажиллаж байна.

Buro.Retelling

2023-06-29, 17:35

  • Зураг: Б.Инжинааш