Найруулагч Вон Карвай Saint Laurent брэндтэй хамтран богино хэмжээний кино бүтээлээ

SELF төсөлд зориулан

"In the Mood for Love", "Chungking Express", "2046" зэрэг уран бүтээлээрээ танигдсан найруулагч Вон Карвай Saint Laurent брэндийн богино хэмжээний кинонд куратороор ажиллалаа. Saint Laurent брэндийн SELF урлагийн төслийн хүрээнд хийгдэж буй уг кино нь төслийн тав дах бүтээл ба өмнө нь гэрэл зурагчин Дайдо Морияма, контемпорари уран бүтээлч Ванесса Бикрофт, кино зохиолч Брет Истон Эллис, найруулагч Гаспар Ноэ нар SELF төсөлд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн, контемпорари тоглолт, кино зэргийг бүтээсэн байгаа.

Харин Вон Карвайн хариуцан ажиллаж буй "Шанхайд өнгөрүүлсэн шөнө" хэмээх нэгэн залуу бүсгүй өөрийгөө хайж буй тухай өгүүлэх киноны найруулагчаар Хонг Конгийн гэрэл зурагчин Уинг Шья ажилласан бол загвар өмсөгч Сяо-Вэнь Зю гол дүрийг бүтээжээ. "Зүүд бодит амьдрал дээр биеллээ олсон мэт Вон Карвайн бүтээлүүд хүн ба бодит амьдралын эмзэг талыг өгүүлдгээрээ онцлог. Бидний хамтран бүтээж буй төсөл Saint Laurent брэндийн уран зөгнөлт талыг тун энгийн байдлаар мэдрүүлэх болно" хэмээн брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло ярьсан юм. "Шанхайд өнгөрүүлсэн шөнө" богино хэмжээний кино арваннэгдүгээр сарын 22-24 өдрүүдэд Шанхай Юз музейд нээлтээ хийх ба түүний дараагаар олон нийтэд цацагдах ажээ.

Buro.Mongolia

2019-11-13, 15:05