Питер Жексон The Beatles хамтлагийн тухай баримтат кино найруулна

Өмнө нь хэзээ ч цацагдаж байгаагүй бичлэгүүд багтана

"Бөгжний эзэн" киноны найруулагч Питер Жексон домогт The Beatles хамтлагийн тухай баримтат кино хийхээр болжээ. Баримтат кинонд хамтлагийн гишүүдийн "Let It Be" цомог дээр ажиллаж байгаа 1969 оны видео бичлэгүүдийг ашиглах болно гэдгийг Variety мэдэгдлээ. Энэхүү цомог нь 1970 онд буюу The Beatles хамтлаг тарснаас хэдхэн сарын дараа худалдаанд гарч байсан юм.

"Өмнө нь огт цацагдаж байгаагүй 55 цагийн видео бичлэг, 140 цагийн аудио бичлэгийг ашиглах эрх бидэнд бий. Энэхүү кино нь The Beatles хамтлагийн шүтэн бишрэгчдийн үргэлж үзэхийг мөрөөдөж байсан бүтээл болно гэдэгт итгэж байна. Бид яг л цаг хугацааны машинаар 1969 онд очиж, дөрвөн найз хамтдаа маш гайхалтай хөгжим бүтээж байгааг өөрсдийн нүдээр харж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно" хэмээн алдарт найруулагч албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Энэхүү баримтат киног Питер Жексоны үүсгэн байгуулсан WingNut Films ба хамтлагийн гишүүдийн байгуулсан The Beatles Apple Corps кино компаниуд бүтээхээр болсон байна. Одоогийн байдлаар киноны нээлтийн тов зарлагдаагүй байгаа ч "Let It Be" цомгийн 50 жилийн ойгоор буюу 2020 онд дэлгэцнээ гарах өндөр магадлалтай байгааг Variety сэтгүүл онцолсон юм.

Buro.Mongolia

2019-01-31, 14:00

  • Зураг: